Танилцуулга

2017-04-04


МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ 

ТАНИЛЦУУЛГА

 

Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь өөрийн дүрэмд заасан зорилт, чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар явуулж, автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, автотээврийн харилцааны тухай хууль тогтоомж, олон улсын тээвэрлэлтийн талаарх  гэрээ хэлэлцээрт тээвэрчдийн ашиг сонирхлыг тусгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, автотээвэр эрхлэгчдийн мэргэжил, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, олон улсын автотээврийн холбоо, нийгэмлэгүүдтэй ажил төрлийн холбоо тогтоож гадаад харилцааг өргөжүүлэх, тэрчлэн  нийгэмд болон гишүүн байгууллага, тээвэрчдэд үйлчлэх чиглэлээр ажиллаж байна.

 

Бүтэц зохион байгуулалт:

 

 RQtU986kfJxBPQl.gif

            Зорилго:

 

            Холбооны үндсэн зорилго нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх, автотээврийн хөгжлийн стратегийг боловсруулах болон үндэсний, улс хоорондын автотээврийн харилцааны хууль эрх зүй, бодлого, шийдвэрт тээвэрчдийн ашиг сонирхлыг тусгуулах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчлэх хүрээг өргөжүүлж автотээврийн салбарыг тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, автотээвэр эрхлэгч гишүүдийнхээ мэргэжил, хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, улс орны автотээврийн хөгжлийн хэтийн хандлага, үзэл баримтлал, стратегийг боловсруулах, маркетингийн үйл ажиллагааг өргөжүүлж, менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.   

 

            Үндсэн чиглэл:     

 

  • Тээврийн салбарын хөгжлийн хэтийн хандлага, үзэл баримтлал, менежментийн шинэчлэл, маркетингийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх замаар тээвэрлэлтийн үр ашигтай үйл ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй оролцох;

 

  • Автотээвэр эрхлэгчдийг мэргэшүүлэн сургах, олон улсын сертификат олгох, мэргэжлийн зэрэг дэв олгох зэрэг давтан сургалтын тогтолцоог бий болгох хэрэгжүүлэх, тээврийн ажиллагсадын бүх хүрээ түвшинд менежмент маркетинг, үнэлгээ шинжилгээний чиглэлээр тусгай хөтөлбөрөөр сургалт явуулах;

 

  • Олон улсын автотээвэрт гаалийн хяналтын /ТИР Карней/ дэвтэр ашиглан оролцох тухай гаалийн конвенцийн дагуу хийгдэж байгаа тээвэрлэлтийн баталгаа, хариуцлагыг хүлээж ажиллах;

 

  • Олон улсын болон дотоодын тээврийн харилцаанд тээвэрлэлтийг зохион байгуулах, зохицуулах, шууд харилцаа тогтоох, дотоодын хууль, дүрэм боловсруулахад оролцох, саналаа тусгуулах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;

 

  • Хот хоорондын тээвэр, аймаг, нийслэлийн тээврийн ажил үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр холбогдох  тээврийн албадтай үйл ажиллагаагаа уялдуулан явуулж, гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллах, төрийн зохицуулалтын үүргээс зарим ажил үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөн, хамтын үүрэг хариуцлага хүлээж ажиллах;

 

            Дотоод үйл ажиллагаа:

 

·         Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо 1991 онд байгуулагдсанаас хойш өнөөдөр эгнээндээ салбарын бусад холбоод болон 110 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэж, үйл ажиллагаагаа олон улсын жишиг, чиг хандлагын дагуу өргөжүүлэн хөгжүүлж байна.

  • Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүн байгууллага, нийт тээвэрчдийн эрх ашгийг үндэс болгон тээврийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар салбарын яамтай хамтран ажиллаж тээврийг хөгжүүлэх стратегийн баримт бичиг болон автотээврийн тухай хуулийг боловсруулах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, автотээврийн мэргэжилтнүүдийн давтан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, улс хоорондын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээр байгуулахад саналаа тусгуулан, хэрэгжилтийг нь дэмжин ажиллаж байна.

 

  • Тус холбоо нь 1998 оноос автотээврийн салбарын төрийн захиргааны төв байгууллага, Нийслэлийн захирагчийн албатай хамтран ажиллах гэрээ байгуулан тээврийн салбарын ажиллагсдын зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалтыг зохион байгуулж, салбарын инженер, техникийн ажиллагсадыг сургаж байна.

 

  • Олон улсын болон дотоодын ижил төрлийн мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран ажиллах, гишүүн байгууллагуудыг төлөөлөх, хурал, зөвлөгөөн, семинарт тэднийг оролцуулах ажлыг зохион байгуулж ирсэн.

 

  • Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас эрх олгосны дагуу 2012 оноос эхлэн  ОХУ, Латви, Киргиз, Белорус, Казахстан, Турк зэрэг улсын зорчигч болон ачааны байнгын бус тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг төв холбоо, Баян-Өлгий аймгийн Цагаан-нуур боомт, Хөвсгөл аймгийн Ханх боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Увс аймгийн Хандгайт болон Тэс боомтууд, Дорнод аймгийн Ульхан болон Эрээнцав боомтууд, Завхан аймгийн Арцсуурь боомтуудаар олгож тээвэрлэлтийг зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

 

  • Тус холбоо нь ТИР горимоор тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгох үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд тодорхой шаардлага хангасан гишүүн байгууллага, аж ахуйн нэгжид ТИР горимоор тээвэрлэлт хийх эрх олгоход өөрийн хувь нэмрээ оруулан, энэ чиглэлээр Гаалийн Ерөнхий Газар болон АТҮТ-тэй хамтран ажиллаж байна.  

 

  • “Алтан Жолоо” тээвэрчдийн шинэ жилийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, автотээврийн салбарт үр бүтээл, идэвх санаачлагатай ажиллаж, амжилт гаргасан ажилтан, албан хаагч, тээвэрчдийг алдаршуулан, холбооны дээд шагнал “Манлай тээвэрчин” одон болон “Манлай тээвэрчин” цол тэмдгээр шагнаж урамшуулдаг.

 

Гадаад үйл ажиллагаа:

  • Олон Улсын Авто Тээврийн Холбоо /IRU/-ны дэмжлэгтэйгээр улс хооронд ачаа, барааг гаалийн хялбаршуулсан горимоор тээвэрлэх бэлтгэлийг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, арга хэмжээ авч, “Барааг олон улсын хэмжээнд ТИР дэвтэр ашиглан тээвэрлэх тухай олон улсын ТИР конвенцид нэгдэх асуудлыг УИХ-аар батлуулан, 2002 онд ТИР горимын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хяналт тавих, зохицуулалт хийх эрхийг Засгийн газраас Холбоонд олгосноор уг тээвэрлэлтийг зохион байгуулж байна.

 

  • Олон Улсын Авто Тээврийн Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2000 оноос “Трасека’” төслийн хүрээнд тээврийн удирдах болон инженер, техникийн ажилтан, мэргэжлийн ажилчдыг мэргэшүүлэх сургалтын төвийг байгуулан сургалт явуулж эхэлсэн.

 

  • Өнгөрсөн хугацаанд Олон улсын автотээврийн холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцон тус холбооны дээд чуулган, бүгд хурал, сэдэвчилсэн хурал, семинарт төлөөлөгчөө оролцуулан ОХУ, Казахстан, Беларусь, Румыны автотээврийн холбоодтой түншийн холбоо тогтоон ажиллаж байна.

 

  • МАТНХолбоо болон Азийн Хөгжлийн Банк хооронд тээврийн коридорын бодит гүйцэтгэлийг хэмжих хяналт тавих CAREC /Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр/-ийн төслийн санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулан, 2009 оноос 4b, 4c тээврийн коридорын бодит гүйцэтгэлийг хэмжих хяналт тавих, тээвэрлэлтийн саатал, нэмэлт зардалд үнэлгээ өгөх судалгааг улирлаар гарган өгч байна.

 

  • 2012 оноос олон улсын авто инженерүүдийн холбоо /ITE/-нд гишүүнээр элсэн орж, тус холбооноос зохион байгуулагддаг хурал зөвөлгөөнд гишүүн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан хамтран ажиллаж байна.

 

            Сургалт:

 

            Зам, тээвэр, Аялал Жуулчлалын Сайдын 2005 оны 16 тоот тушаалаар автотээврийн салбарын мэргэжилтний төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын тогтолцоог бий болгох, ажил эрхлэх явцад үүсэх харилцааг зохицуулах, улс хоорондын болон үндэсний ачаа тээвэрлэлтийн тээвэрлэгчийг мэргэшүүлэх, давтан сургах зорилготойгоор тээврийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, мэргэшсэн ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, аюултай ачаа тээвэрлэгч нарт сургалт явуулах эрхийг Холбооны дэргэдэх Зам, тээврийн ажиллагсадын мэргэжлийн боловсролын институт-д олгосон.

            Мэргэшүүлэх сургалт нь тээврийн салбарын мэргэжилтнүүдэд салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн ур чадварын түвшин, өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх, тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлэх зорилготой юм.

            Мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хүрээнд тээврийн салбарын ажиллагсдын дараах чиглэлээр мэргэшүүлж байна.

Тээврийн салбарын зөвлөх болон мэргэшсэн инженер, инженер-эдийн засагч

Тээврийн салбарын удирдах ажилтан, тээвэр зохицуулагчийн сургалт

Шалгах механикийн сургалт

Нийтийн тээврийн мэргэшсэн жолооч

Тусгай үйлчилгээ болон улс хоорондын тээврийн мэргэшсэн жолооч

Овор ихтэй болон аюултай ачааны мэргэшсэн жолооч

Нийтийн тээврийн мэргэшсэн кондуктор

     Тээврийн салбарын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр жилд 3-4 удаа богино хугацааны сургалт, семинарыг зохион байгуулж их дээд сургуулийн профессор, багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, яам, агентлагийн удирдах ажилтан, тэргүүлэх мэргэжилтнүүийг урин дээрх сургалтанд багшлуулж байна.

 

            Цаашдын зорилт:

 

-          Монгол улсад Олон улс дамжсан ТИР тээвэрлэлтийг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монголын тээвэрчдийг татан оролцуулах,

 

-          Улс хооронд, хөрш орны хил орчмын ачаа, зорчигч тээвэрлэлтийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай болгоход холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,

 

-          Орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж аймаг дахь салбар холбоогоор орон нутгийн тээвэр зохицуулалтыг ажлыг хэрэгжүүлэх, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийх, автоүйлчилгээний байгууллагад ангилал тогтоох зэрэг төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх,

 

-          Олон улсын болон дотоодын ачаа тээврийн логистик үйл ажиллагааг зохион байгуулж, тээвэрчдийн сул зогсолтыг багасгаж, ачаа эргэлтийг түргэсгэх,

 

-          Тээврийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн санг бий болгох, “Автотээвэр” сэтгүүлийг тогтмол хэвлэх, тээвэрчдэд шаардлагатай удирдамж, зөвлөмж,  гарын авлагыг боловсруулж гаргах,

 

-          Автотээврийн салбарын инженер, техникийн ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах,

 

-          Аюултай ачаа тээвэрлэх байгууллагын менежер /DGSA/, жолооч /ADR/ бэлтгэх сургалт явуулах,

 

-          ОУАТХ /IRU/, Олон улсын автоинженерүүдийн холбоо /ITE/, дэлхийн замын холбоо /PIARC/-оос зохион байгуулагдах сургалт семинар, хуралд МАТНХ-ны ажилчид болон гишүүд байгууллагуудыг өргөнөөр хамруулан оролцуулах.

 

 

 

----- о0о -----

Хамтран ажилладаг байгууллагууд