Олон улсын авто тээврийн харилцааны тухай монгол улсын засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын засгийн газар хоорондын хэлэлцээр

2017-04-04


ОЛОН УЛСЫН АВТО ТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол улсын засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар (цаашид Хэлэлцэн тохирогч Талууд гэнэ), харилцан ашигтай хамтын ажиллагааны таатай нөхцлийг анхааралдаа авч, хоёр орны хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх авто тээврийн харилцааг цаашид хөгжүүлэхийг эрмэлзэн, дор дурьдсан зүйлийг хэлэлцэн тохиров:

 

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийн дагуу Монгол Улс болон Бүгд найрамдах Беларусь Улсын хооронд, тэдгээрийн нутгаар дамжин гуравдагч улсад болон гуравдагч улсаас зорчигчид (жуулчдыг оролцуулан ) болон ачааны байнгын болон байнгын бус авто тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ энэхүү Хэлэлцээрийн заалтуудыг мөрдөнө.

 

Хоёрдугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрт хэрэглэгдэх нэр томьёо нь дараах утгыг илэрхийлнэ. Үүнд:

”тээвэрлэгч” гэж Монгол улс, бүгд Найрамдах Беларусь Улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэлтийг авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэх эрх бүхий аливаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.

б) “тээврийн хэрэгсэл” гэж:

ачаа тээвэрлэлтийн үед ачааны автомашин, чиргүүлтэй ачааны автомашин, авто зүтгүүр буюу хагас чиргүүлтэй авто зүтгүүр;

зорчигч тээвэрлэлтийн үед автобус буюу жолоочийн суудлаас гадна 8-аас доошгүй суудалтай, зорчигч тээвэрлэх зориулалт бүхий авто тээврийн хэрэгслийг хэлнэ.

в) “зорчигчийн байнгын тээвэрлэлт” гэж Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын урьдчилан тохиролцсон цагийн хуваарь, хөдөлгөөний эхний болон эцсийн буудал, зогсоолуудыг заасан хөдөлгөөний чиглэлийн дагуу автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх зорчигч тээвэрлэлтийг хэлнэ.

г) “зорчигчийн байнгын бус тээвэрлэлт” гэж зорчигчдын бусад бүх тээвэрлэлтийг хэлнэ.

д) “дамжин өнгөрөх тээвэрлэлт ” гэж Хэлэлцэн тохирогч аль нэг Талын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улсуудад гүйцэтгэх тээвэрлэлтийг хэлнэ.

е) “гуравдагч улс” гэж энэхүү Хэлэлцээрт ороогүй улсыг хэлнэ.

ж) “хорио цээрийн хяналт” гэж ариун цэвэр, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтыг хэлнэ.

з) “эрх бүхий байгууллага” нь Монголын талаас Дэд бүтцийн яам, Беларусийн Талаас Тээвэр, харилцааны яам байна.

 

ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, мөн нутаг дэвсгэр дээгүүр нь аяллын чиглэл дайрч өнгөрөх улсуудын эрх бүхий байгууллагууд хоорондоо тохиролцож, автобусаар зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулна.

Зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулах тухай саналаа Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд бие биедээ зохих хугацаанд нь ирүүлнэ. Уг санал нь тээвэрлэгчийн нэр, аяллын чиглэл, хөдөлгөөний цагийн хуваарь, үнэ тариф, зогсох цэгүүд, тээвэрлэлтийг гүйцэтгэх хугацаа, давтамжийн талаархи мэдээллийг агуулна.

 

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийг автобусаар гүйцэтгэхэд энэхүү Хэлэлцээрийн 5 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг авна.

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд өөрийн улсын нутгаар дайрч өнгөрөх чиглэлийн тэр хэсэгт зөвшөөрөл олгоно.

Хэрэв зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол автобусаар зорчигчдын байнгын бус тээвэрлэлт хийх тохиролдол бүрт ирэх, очих нэг удаагийн аялал хийх эрхийн тусгай зөвшөөрөл олгоно.

 

ТАВДУГААР ЗҮЙЛ

Хэрэв автобус бүртгэлтэй улсынхаа нутаг дэвсгэр дээрх цэгээс тээвэрлэлтээ эхэлж мөн улсын нутаг дэвсгэрт буцаж ирэх аяллаа тухайн нэг автобусаар, зорчигчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүйгээр зорчигчдын байнгын бус тээвэрлэлт гүйцэтгэхэд зөвшөөрөл шаардагдахгүй.

Энэхүү зүйлийн 1-д заасан тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ автобусны жолооч тээвэрлэгчийн бөглөж гарын үсгээр баталгаажуулсан маягтыг зорчигчдын нэрсийн жагсаалтын хамт авч явна.

 

АЧАА ТЭЭВЭРЭЛТ

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрийн долдугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын олгосон зөвшөөрлөөр чиргүүлтэй буюу чиргүүлгүй ачааны автомашин, хагас чиргүүлтэй авто зүтгүүрээр Монгол Улс, Беларусь Улсын хооронд, тэдгээрийн нутгаар дамжин, түүнчлэн гуравдагч улс руу болон гуравдагч улсаас ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

Хэрэв зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол ачаа тээвэрлэлт хийх тохиолдол тус бүрт зөвхөн очих, ирэх нэг аялал хийх эрхийн зөвшөөрөл олгоно.

 

ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

1.Энэхүү Хэлэлцээрийн зургадугаар зүйлд заасан зөвшөөрлийг дараах тээвэрлэлтийг гүйцэтгэхэд шаардахгүй. Үүнд:

a) үзэсгэлэн, яармагийн зориулалттай үзмэр, тоног төхөөрөмж, материал;
б) биеийн тамир спортын арга хэмжээг явуулахад зориулагдсан тээврийн хэрэгсэл, амьтан болон бусад төрлийн хэрэгсэл, эд зүйлс;

в) театрын засал чимэглэл, хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, кино зураг авах болон радио, телевизийн нэвтрүүлэг хийхэд зориулагдсан тоног төхөөрөмж, эд зүйлс;

г) нас барагчийн чандруу, шарил;

д) шуудан;

e) эвдрэл гэмтэлтэй авто тээврийн хэрэгсэл;
ж) нүүлгэн шилжүүлж буй эд хогшил;

з) энэхүү Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн дагуу тээвэрлэх тусгай зөвшөөрөл авсан ачаа;

и) гамшиг тохиолдсон үед тусламж үзүүлэхэд зориулагдсан эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм хэрэгсэл;

к) чиргүүлийг оролцуулан тээврийн хэрэгслийн хамгийн их жин нь 6 тонноос хэтрэхгүй эсвэл чиргүүлийн хамгийн их даац нь 3.5 тонноос хэтрэхгүй тээврийн хэрэгслээр хийх ачаа тээвэрлэлт.

Түүнчлэн техникийн тусламжийн автомашин явахад зөвшөөрөл шаардахгүй.

Энэхүү зүйлийн 1-ийн “а”, “б”, “и” , “в”-д тусгагдсан заалтууд нь зөвхөн тухайн ачааг авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн улсад буцааж авчрах буюу гуравдагч улсын нутаг руу тээвэрлэх тохиолдолд хүчинтэй байна.

 

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Талын ачаатай буюу ачаагүй яваа авто тээврийн хэрэгслийн овор болон жин нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр тогтоосон нормоос хэтэрсэн, мөн түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авна.

Хэрэв энэ зүйлийн 1-д дурьдсан зөвшөөрөлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тодорхой чиглэлийг тогтоосон бол тээвэрлэлтийг тухайн чиглэлээр гүйцэтгэнэ.

 

ЕРӨНХИЙ ХЭСЭГ

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийн ачаа тээвэрлэлийн зөвшөөрлийн бичгийг харилцан тохиролцсон тоогоор жил бүх солилцоно. Энэхүү зөвшөөрлийн бичиг нь зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагын тамга, тэмдэг, гарын үсэгтэй байна. Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд зөвшөөрлийн бичиг солилцох журмыг харицан тохиролцоно.

 

АРАВДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч аль нэг Талын тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр орших хоёр цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэж болохгүй.

 

АРВАННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрт заасан тээвэрлэлтийг зөвхөн тухайн орны дотоодын хууль тогтоомжийн дагуу олон улсын тээвэрлэлт хийхээр зөвшөөрөгдсөн тээвэрлэгч гүйцэтгэнэ.

Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх авто тээврийн хэрэгсэл нь өөрийн улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байна. Ачааны автомашин, авто зүтгүүрүүд нь Монгол Улсын болон Беларусь Улсын бүртгэлийн дугаартай, таних тэмдэгтэй байвал чиргүүл ба хагас чиргүүлүүд нь өөр улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байж болно.

 

АРВАНХОЁРДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэхэд олон улсын хэмжээнд нийтлэг мөрддөг загварт нийцсэн дагалдах хуудсыг хэрэглэнэ.

 

АРВАНГУРАВДУГААР ЗҮЙЛ

Автобус болон ачааны автомашины жолооч нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодох ангилалд болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц загварт тохирсон тээврийн хэрэгслийн үндэсний бүртгэлийн бичиг баримт болон үндэсний буюу олон улсын жолоочийн үнэмлэхтэй байна.

Энэхүү Хэлэлцээрийн дагуу тээврийн хэрэгсэлд шаардагдах зөвшөөрлийн болон бусад баримт бичгийг тухайн тээврийн хэрэгсэлд авч явах бөгөөд түүнийг хяналт шалгалтын байгууллагуудын шаардлагаар үзүүлж байна.

 

АРВАНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрээр Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрээр зорчигч, ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй Хэлэлцэн тохирогч аль нэг Талын тээвэрлэгч, түүнчлэн уг тээвэрлэлтийг гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийг харилцан ижил нөхцлөөр төлбөртэй зам, гүүр, хоолойгоос бусад уг Хэлэлцээрт дурьдсан зөвшөөрөл олгосны болон зам ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон хураамжаас тус тус чөлөөлөгдөнө.

 

АРВАНТАВДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийн дагуу зорчигч, ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ тээврийн хэрэгсэл эзэмшигчийн иргэний хариуцлагыг заавал даатгуулсан байна.

 

АРВАНЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн болон хорио цээрийн шалгалтанд Хэлэлцэн тохирогч хоёр Талын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөх бөгөөд харин эдгээр гэрээ, хэлэцээрээр зохицуулагдахгүй асуудлыг шийдвэрлэхдээ Хэлэлцэн тохирогч холбогдох Талын дотоодын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

 

АРВАНДОЛДУГААР ЗҮЙЛ

Хүнд өвчтөн тээвэрлэх, зорчигчдын байнгын тээвэрлэлтийг автобусаар гүйцэтгэх, мал, амьтан, түргэн муудах ачаа тээвэрлэхэд хил, гаалийн болон хорио цээрийн хяналт шалгалтыг эхний ээлжинд хийнэ.

 

АРВАННАЙМДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийн дагуу Хэлэлцэн тохирогч Тал нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг руу тээвэрлэлтийг гүйцэтгэхэд дор дурьдсан зүйлсийг Хэлэлцэн тохирогч тухайн улсын хууль тогтоомжид нийцүүлэн гаалийн татвар хураамжаас чөлөөлнө. Үүнд: тухайн загварын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тэжээлийн системтэй технологийн болон бүтцийн талаар холбоо бүхий түлшний саванд байгаа шатахуун, мөн түүнчлэн хөргөх төхөөрөмжид зориулагдсан шингэн;

б) тээвэрлэлтийн явцад тээврийн хэрэгслийн хэвийн ашиглалтыг хангахад зайлшгүй хэрэглэгдэх тосолгооны материал;

в) олон улсын тээвэр хийж байгаа авто тээврийн хэрэгслийн засварт зориулагдсан сэлбэг, багаж хэрэгсэл;

2. Багаж хэрэгсэл, хэрэглэгдээгүй сэлбэгийг эргүүлэн тээвэрлэх бөгөөд харин солигдсон хуучин сэлбэгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрээс авч буцах буюу гаалийн байгууллагын хараа хяналтын дор устгах эсвэл Хэлэлцэн тохирогч нөгөө Талын үндэсний хууль тогтоомжийн дагуу тус байгууллагад тушаах ёстой.

 

АРВАНЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээвэрлэгчид тухайн Талын хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх үүрэгтэй.

 

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийг тээвэр гүйцэтгэгч зөрчсөн тохиолдолд тээвэрлэгч улсын эрх бүхий байгууллага нь нутаг дэвсгэрт нь зөрчил гарсан Хэлэлцэн тохирогч Талынхаа эрх бүхий байгууллагын хүсэлтээр энэхүү Хэлэлцээрийн биелэлтийг хангахад шаардагдах холбогдох арга хэмжээ авна.

Тээвэрлэгч улсын эрх бүхий байгууллага авсан арга хэмжээнийхээ тухай Хэлэлцэн тохирогч нөгөө Талынхаа эрх бүхий байгууллагад мэдээлнэ.

 

ХОРИННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Зөвшөөрлийн тоо хэмжээ, түүний хэлбэрийг тохирох болон энэхүү Хэлэлцээрийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь Хамтарсан Комиссыг байгуулна. Хамтарсан Комиссын уулзалтыг Хэлэлцэн тохирогч аль нэг Талын эрх бүхий байгууллагын саналаар Хэлэлцэн тохиорогч Талуудын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулна.

 

ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ

ХОРИНХОЁРДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрээр болон Хэлэлцэн тохирогч хоёр Талын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдахгүй асуудлыг Хэлэлцэн тохирогч Тал тус бүрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ

 

ХОРИНГУРАВДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах, мөрдөх явцад гарч болох маргаантай бүх асуудлыг хэлэлцээний болон зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ.

 

ХОРИНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч Талуудын нэгдэн орсон олон улсын бусад гэрээ хэлэлцээрээр хүлээсэн эрх үүргийг хөндөхгүй.

 

ХОРИНТАВДУГААР ЗҮЙЛ

1. Энэхүү Хэлэлцээр нь түүнийг хүчин төгөлдөр болоход шаардагдах бүх ажиллагааг улс бүрд гүйцэтгэх тухай Хэлэлцэн тохирогч Талууд дипломат шугамаар бие биедээ мэдээлснээс хойш 30 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

Энэхүү Хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар байгуулав. Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь энэхүү Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоохоор товчлож байгаа хугацаанаас 6 сарын өмнө энэ тухайгаа Хэлэлцэн тохиролцогч нөгөө Талд дипломат шугамаар мэдэгдэх замаар түүний үйлчлэлийг зогсоож болно.

Энэхүү хэлэлцээрийг 2003 оны 12 дугаар сарын 10 –ны өдөр Москва хотноо монгол, беларусь, орос хэл дээр тус бүр 2 хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр тус бүр нь адил хүчинтэй байна. Хэрэв энэхүү Хэлэлцээртэй холбоотой санал зөрөлдөөн гарсан тохиолдолд орос хэл дээрх бичвэрийг баримтална.

Хамтран ажилладаг байгууллагууд