Олон улсын авто тээврийн харилцааны тухай Оросын Холбооны Улсын засгийн газар, Монгол Улсын засгийн газар хоорондын хэлэлцээр

2017-03-30


ОЛОН УЛСЫН АВТО ТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

 

 

Оросын Холбооны Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар / цаашид “Хэлэлцэн тохирогч Талууд” гэж нэрлэнэ/

 

олон талын харилцан ашигтай хамтын ажиллагааны таатай нөхцлийг анхааралдаа авч,

 

хоёр орны хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх авто тээврийн харилцааг цаашид хөгжүүлэх эрмэлзлэлийг удирдлага болгон, дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров:

 

 

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан нэр томъёо нь дараахь утгыг илэрхийлнэ.Үүнд:

 

“Авто тээврийн хэрэгсэл” гэж ачаа тээвэрлэлтэнд ачааны автомашин, чиргүүлтэй ачааны автомашин, авто зүтгүүр буюу хагас чиргүүлтэй авто зүтгүүр.

Зорчигч тээвэрлэлтэд автобус, өөрөөр хэлбэл жолоочийн суудлаас гадна 8-аас доошгүй суудалтай, зорчигч тээвэрлэх зориулалт бүхий авто тээврийн хэрэгсэл, тээш тээвэрлэх чиргүүлийг хэлнэ.

 

“зорчигчийн байнгын тээвэрлэлт” гэж урьдчилан тохиролцсон хуваарь, хөдөлгөөний эхний болон эцсийн буудал, зогсоолуудыг заасан хөдөлгөөний замналын дагуу Хэлэлцэн тохирогч Талуудын авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэх тээвэрлэлтийг хэлнэ.

“зорчигчийн байнгын бус тээвэрлэлт” гэж бусад бүх тээвэрлэлтийг хэлнэ.
“дамжин өнгөрөх тээвэрлэлт” гэж Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч улсуудад гүйцэтгэх тээвэрлэлтийг хэлнэ.

“гуравдагч улс” гэж энэхүү Хэлэлцээрт оролцоогүй улсыг хэлнэ.
“хорио цээрийн шалгалт” гэж ариун цэвэр, мал эмнэлэг, мөн түүнчлэн ургамал хорио цээрийн шалгалтыг хэлнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрийн дагуу хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх зорчигчдын /жуулчдыг оролцуулан /, байнгын болон байнгын бус тээвэрлэлт, мөн ачааны тээвэрлэлтийг улс хоорондын авто тээврийн харилцааны зориулалтаар нээгдсэн замаар гүйцэтгэнэ.

 

 

 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын хоорондын тохиролцсоны дагуу автобусаар зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулна.

Зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулах тухай саналаа Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд бие биедээ урьдчилан өгнө. Энэ саналд тээвэрлэгчдийн нэр, аялалын замнал, хөдөлгнөөний цагийн хуваарь, тээврийн хөлс, зорчигчдыг буулгах, суулгах зогсоол, түүнчлэн тээвэрлэлтийг гүйцэтгэх хугацаа, давтамжийн талаархи мэдээдэл агуулагдсан байна.

 

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийг автобусаар гүйцэтгэхэд энэхүү Хэлэлцээрийн 5 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг авна.

Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд өөрийн улсын нутгаар дайрч өнгөрөх замын тэр хэсэгт зөвшөөрөл олгоно.

Хэрэв энэ зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол зорчигчдын байнгын бус тээвэрлэлт автобусаар хийхэд ирэх, очих нэг аялал хийх эрхийн зөвшөөрөл өгнө.

 

 

ТАВДУГААР ЗҮЙЛ

 

Эвдэрсэн автобусыг өөр автобусаар солиход зөвшөөрөл шаардахгүй.

 

 

 

II . Ачаа тээвэрлэлт

 

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр чиргүүлтэй буюу чиргүүлгүй ачааны автомашин, мөн хагас чиргүүлтэй авто зүтгүүрээр энэхүү Хэлэлцээрийн 7 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

Хэрэв энэ зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол ачаа тээвэрэлт хийхэд очих, ирэх нэг л аялал хийх эрхийн зөвшөөрөл олгоно.

 

ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг дараах тээвэрлэлтийг гүйцэтгэхэд шаардахгүй.Үүнд:

Үзэсгэлэн, яармагийн зориулалттай үзмэр, тоног төхөөрөмж, материал;
Биеийн тамирын арга хэмжээг явуулахад зориулагдсан тээврийн хэрэгсэл, амьтан, тэрчлэн төрөл бүрийн хэрэгсэл, эд юмс;
Театрын засал чимэглэл, хэрэгслэл, хөгжийн зэмсэг, кино зураг авах болон радио,телевизийн нэвтрүүлэг хийхэд зориулагдсан тоног төхөөрөмж, эд юмс;
Нас барагчийн чандруу, шарил;
Шуудан ;
Эвдрэл гэмтэлтэй авто тээврийн хэрэгсэл;
Нүүж байгаа айлын эд хогшил
Энэхүү Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн дагуу тээвэрлэх тусгай зөвшөөрөл авсан ачаа
Байгалийн гамшиг тохиолдсон үед тусламж үзүүлэхэд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хэрэгсэл;

Тэрчлэн техникийн тусламжийн автомашин явахад зөвшөөрөл шаардахгүй.

 

2.Энэ зүйлийн 1-ийн “а”, “б”, “в”-д тусгагдсан заалтууд нь зөвхөн тухайн ачааг авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн улсад буцааж авчрах буюу гуравдагч улсын нутаг руу тээвэрлэх тохиолдолд хүчинтэй байна.

 

 

НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Талын ачаатай буюу ачаагүй яваа авто тээврийн хэрэгслийн овор болон жин нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр тогтоосон нормоос хэтэрсэн, мөн түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагуудын тусгай зөвшөөрлийг авна.

Хэрэв энэ зүйлийн 1-д дурдсан зөвшөөрөлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой замналаар явахаар тогтоосон бол тээвэрлэлтийг энэхүү замналаар гүйцэтгэнэ.

 

 

III. Ерөнхий хэсэг

 

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь зорчигдын байнгын бус тээвэрлэлтийн болон ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг харилцан тохиролцсон тоогоор жил бүр бие биедээ өгнө. Энэхүү зөвшөөрлийн бичиг нь зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагын тамга, тэмдэг, хариуцлагатны гарын үсэгтэй байна.

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд зөвшөөрлийн бичгийн солилцох журмыг өөр хоорондоо тохиролцоно.

АРАВДУГААР ЗҮЙЛ

 

Тээвэрлэгчийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр орших хоёр цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэхийг зөвшөөрөхгүй.

Хэрэв тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан бол Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутгаас гуравдагч улсын нутагт, мөн түүнчлэн гуравдагч улсын нутгаас Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутагт тээвэрлэлт хийж болно.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Ачаа болон зорчигчийн тээвэрлэлтийг хил орчмын нутагт гүйцэтгэх журмыг Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд хамтарч тогтооно.

 

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрт заасан тээвэрлэлтийг тухайн орны дотоодын хууль тогтоомжийн дагуу олон улсын тээвэрлэлт хийхээр зөвшөөрөгдсөн тээвэрлэгч л зөвхөн гүйцэтгэнэ.

Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх авто тээврийн хэрэгсэл нь өөрийн улсын бүртгэлийн дугаар,таних тэмдэг болон гаалийн битүүмжлэл тавих бололцоо бүхий байдлаар тоноглогдсон байна.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү хэлэлцээрт тусгагдсан ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэхэд олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөж байгаа загварт нийцсэн дагалдах хуудсыг хэрэглэнэ.

 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Автобус буюу ачааны автомашины жолооч нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодох ангилалд болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх загварт тохирсон үндэсний буюу олон улсын жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн улсын гэрчилгээтэй байна.

Зөвшөөрлийн болон бусад баримт бичиг нь энэхүү Хэлэлцээрийн заалтад нийцсэн байх бөгөөд түүнийг автомашиндаа авч яван хяналт шалгалтын байгууллагуудын шаардлагаар үзүүлж байна.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү хэлэлцээрийн дагуу ачаа болон зорчигчдын тээвэрлэлттэй холбогдож гарсан практик асуудлыг Хэлэлцэн тохирогч Талуудын тээвэрлэгчид хоорондоо шууд зохицуулж болно.

 

Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгчид нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутагт тухайн улсын хууль тогтоомжид тусгагдсан журмын дагуу өөрийн төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулж болно.

 

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрийн үндсэн дээр Хэлэлцэн тохирогч нэг Талын тээвэрлэгчдийн Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээгүүр гүйцэтгэж байгаа зорчигч, ачаа тээвэрлэлт, мөн түүнчлэн энэ тээвэрлэлтийг гүйцэтгэж буй тээврийн хэрэгсэл нь энэхүү Хэлэлцээрт дурдсан зөвшөөрөл өгсний болон зам ашигласан буюу эзэмшсэн, мөн авто тээврийн хэрэгсэл эзэмшсэн буюу хэрэглэсний төлөө ногдуулах татвар, хураамжаас тус тус чөлөөлөгдөнө.

 

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх тооцоо төлбөрийг уг төлбөр хийх өдөр хүчин төгөлдөр байгаа Хэлэлцэн тохирогч Талуудын хооронд байгуулсан тооцоо, төлбөрийн тухай хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.

 

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрийн дагуу зорчигч, ачаа тээвэрэлтийг жолоочийн иргэний хариуцлагыг заавал даатгуулсан нөхцөлд л гүйцэтгэнэ.Тээвэрлэгч нь дурдсан тээвэрлэлтийг гүйцэтгэх тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилж заавал даатгуулсан байна.

 

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн болон хорио цээрийн шалгалтанд Хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцсон олон улсын гэрээг мөрдөх бөгөөд харин эдгээр гэрээгээр зохицуулагдахгүй асуудлыг шийдвэрлэхдээ Хэлэлцэн тохирогч Тал бүрийн дотоодын хууль тогтоомжийг мөрдлөгө болгоно.

 

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

 

Зорчигчдын байнгын тээвэрлэлтийг автобусаар гүйцэтгэх , мөн түүнчлэн хүнд өвчтөн, мал амьтан, түргэн муудах ачааны тээвэрлэлтэнд хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн болон хорио цээрийн шалгалтыг эхний ээлжинд хийж байна.

 

 

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай доорхи зүйлийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг руу тээвэрлэж ороход гаалийн татвараас чөлөөлөгдөнө.

Тухайн загварын авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тэжээлийн системтэй технологийн болон зохион бүтцийн талаар холбоо бүхий түлшний саванд байгаа шатахуун;
Тээвэрлэлтийн явцад авто тээврийн хэрэгслийн хэвийн ашиглалтыг хангахад зайлшгүй хэрэглэгдэх тосолгооны материал;
Олон улсын тээвэр хийж байгаа авто тээврийн хэрэгслийн засварт зориулагдсан сэлбэг, багаж хэрэгсэл;

Хэрэглээгүй сэлбэгийг эргүүлэн тээвэрлэнэ. Харин солигдсон хуучин сэлбэгийг тухайн улсаас авч буцах, эсвэл Хэлэлцэн тохирогч тухайн Талын нутаг дээр тогтоогдсон журмын дагуу устгах буюу тушаана.

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

Хэлэлцэн тохирогч Талуудын тээвэрлэгчид тээврийн хэрэгсэл дэвсгэр нутагт нь тухайн үед байгаа улсын хууль болон замын хөдөлгөөний дүрмийг биелүүлнэ.

 

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд тээвэрлэгч улсын эрх бүхий байгууллага нь нутаг дэвсгэрт нь зөрчил гарсан Хэлэлцэн тохирогч нөгөө талынхаа эрх бүхий байгууллагын хүсэлтээр энэхүү Хэлэлцээрийн биелэлтийг хангахад шаардагдах арга хэмжээ авна.

 

Тээвэрлэгч улсын эрх бүхий байгууллага авсан арга хэмжээнийхээ тухай нөгөө улсын эрх бүхий байгууллагад мэдээлнэ.

 

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэл

цээрийн биелэлтийг хангах зорилгоор Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь шууд холбоо тогтоож, Хэлэлцэн тохирогч аль нэг Талын саналаар зорчигчид, ачаа тээвэрэлтийг гүйцэтгэх зөвшөөрөл олгох системтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвлөлгөөн хийх, түүнчлэн олгогдсон зөвшөөрлийг ашиглаж байгаа талаар туршлага, мэдээллийг солилцоно.

 

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээрээр болон Хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцож байгаа олон улсын гэрээгээр зохицуулагдахгүй асуудлыг Хэлэлцэн тохирогч Тал бүрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах, мөрдөх явцад гарч болох маргаантай бүх асуудлыг хэлэлцэх болон зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ.

 

 

 

ХОРИН ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

Хэлэлцэн тохирогч Тал бүр энэхүү Хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Хэлэлцэн тохирогч аль нэг тал энэхүү Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах санал тавьснаас хойш 6о хоногийн дотор тухайн асуудлаар хэлэлцээ хийнэ.

 

ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

Энэхүү Хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч Талуудын оролцсон олон улсын бусад гэрээгээр хүлээсэн эрх үүргийг хөндөхгүй.

 

ХОРИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

1.Энэхүү Хэлэлцээр нь түүнийг хүчин төгөлдөр болоход шаардагдах бүх ажиллагааг улс бүрд гүйцэтгэсэн тухай Хэлэлцэн тохирогч Талууд дипломат шугамаар бие биедээ мэдээлснээс хойш 3о хоног өнгөрсний дараагаар хүчин төгөлдөр болно.

 

2.Энэхүү Хэлэлцээрийг тодорхой хугацаагүй байгуулав. Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь энэхүү Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоохоор товлож байгаа хугацаанаас 6 сарын өмнө нь энэ тухайгаа Хэлэлцэн тохирогч нөгөө талд диплломат шугамаар мэдэгдэх замаар түүний үйлчлэлийг хэдийд ч зогсоож болно.

 

Энэхүү хэлэлцээрийг 1996 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Москва хотноо монгол, орос хэлээр тус бүр 2 хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр тус бүр нь адил хүчинтэй байна.

 

Хамтран ажилладаг байгууллагууд