Олон улсын мэргэшсэн жолоочийн сургалт
Олон улсын автотээврийн холбооны сургалтын Академиас холбооны дэргэдэх Зам, тээврийн ажиллагсдын мэргэжлийн боловсролын институтэд магадлан итгэмжлэл олгох зорилгоор 2023 оны 10, 11 дүгээр саруудад “Тахограф–Тээврийн хэрэгслийн багийн гишүүдийн ажил, амралтын горим”, “Аюултай ачаа”, “Ачааг аюулгүй ачих, бэхлэх, тээвэрлэх”, “Олон улсын мэргэшсэн жолооч” хөтөлбөрүүдээр багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Сургалтыг танхимын болон дадлагын хичээл хэлбэрээр зохион байгуулж сургагч багш нарыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж байгаа нь цаашид монголын жолооч нарыг олон улсын сургалтын стандартын дагуу сургахад чухал ач холбогдолтой болж байна. Холбооны гишүүн байгууллага “ЭЗУ транс“ ХХК нь дадлагын ажлыг хийхэд өөрийн бааз, хэрэгцээт техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж дэмжлэг үзүүллээ.
Тус институт нь Олон улсын автотээврийн холбооны сургалтын Академийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болсноор манай улсын тээврийн байгууллагын жолооч, менежерүүдийг олон улсын стандарт, хөтөлбөрийн дагуу мэргэшүүлэн сургах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ олгох боломжтой болж байгаагаас гадна олон улсын сургалтын стандартыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа юм.
—–oOo—–