Монгол жолооч дэлхийн 70 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Монголдоо авах эрхтэй боллоо.

Монгол жолооч дэлхийн 70 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ачаа тээврийн мэргэшсэн жолоочийн сургалтад монголдоо хамрагдаж олон улсын байгууллагаас “МЭРГЭШСЭН ЖОЛООЧ”-ийн үнэмлэхийг авах эрхтэй боллоо. Энэхүү үнэмлэхийг монгол жолооч авснаар олон улсад ачаа тээвэрлэлтийг саадгүй гүйцэтгэхээс гадна мөн гадаад улсад жолоочоор ажиллах бүрэн боломжтой болж байна.

Монгол хүн эх орондоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах эрхийг бий болгох зорилгоор Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Олон улсын автотээврийн холбооны Сургалтын академитай хамтран үндэсний сургагч-багш бэлтгэх сургалтыг 2019-2023 онуудад хэд хэдэн удаа олон улсын стандартын дагуу зохион байгууллаа. Үүний үр дүнд Зам, тээврийн ажиллагсдын мэргэжлийн боловсролын институт “Мэргэшсэн жолооч-CPCD”, “Жолоочийн ажил амралтын горим-Тахограф”, “Аюултай ачаа-ADR”, “Ачааг аюулгүй ачих, бэхлэх, тээвэрлэх-SLCS” сургалтыг зохион байгуулах магадлан итгэмжлэгдсэн олон улсын байгууллагын бүрэн эрхэт “СУРГАЛТЫН ТӨВ” болж байгаа нь манай улсын автотээврийн салбарын түүхэнд анх удаа дэлхийн 70 гаруй улсад хүлээн зөвшөөрдсөн үнэмлэх олгох байгууллага болж байгаагаараа ач холбогдолтой бөгөөд  Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Автотээврийн салбарын 100 жилийн ойг угтаж Монголчууддаа зориулан хийж байгаа бүтээлч ажлуудын нэг гэдгээрээ онцлог юм.

Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.

—–oOo—–