ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, орчуулагч, зохиолч, соён гэгээрүүлэгч БАТМӨНХИЙН ЭНЭБИШИЙН мэндэлсний 90 жилийн ойд зориулсан, алдар гавьяаг нь хүндэтгэх “ДУРСАМЖ УУЛЗАЛТ” Үндэсний номын санд боллоо.

Дурсамж уулзалтыг нээж Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд асан Т.Пүрэвдорж үг хэлж, Морин хуурч н.Мөнхбат хуурын аялгуугаар зочдын сонорыг мялаалаа.

Хүндэт зочид дурсамж дэлгэн хүндэтгэлийн үг хэлж, Б.Энэбиш агсны үр хүүхэд 2023 онд хэвлүүлсэн ЗАГИЙН ЦАГААН ЗАМБАГА номыг хүндэт зочдод, Үндэсний номын сангийн сан хөмрөгт бусад бүтээлийн дээжийг хүлээлгэн өглөө.

Дурсамж уулзалтыг гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон Зам, тээвэр хөгжлийн яам, Монголын тээвэрчдийн нэгдсэн холбоо, Үндэсний номын сан, Монголын зохиолчдын эвлэл, Соён гэгээрүүлэгч телевиз хамтран зохион байгуулсан бөгөөд тус дурсамж уулзалт болон Төр нийгмийн нэр зүтгэлтэн Б.Энэбишийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан ХӨРӨГ НЭВТРҮҮЛГИЙГ Соён гэгээрүүлэгч телевизээр үзэх боломжтой.

Дурсамж уулзалтад оролцогчдод Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Соён гэгээрүүлэгч Б.Энэбишийн бие даасан зохиол бүтээл болон сонин сэтгүүлд нийтлэгдсэн орчуулгын болон эрдмийн бүтээлийг үзэсгэлэн болгож толилууллаа.

Батмөнхийн Энэбиш 1933 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд төрсөн. 1952 онд Улаанбаатар хотын 1 дүгээр арван жилийн сургууль, 1952-1957 онд Москва хотын Инженер, эдийн засгийн дээд сургуульд Тээврийн инженер-эдийн засагчийн мэргэжлээр суралцаж төгссөн.

-1957-1965 онд Тээвэр холбооны яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга,

-1965-1972 онд Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд,

-1973-1982 онд Тээврийн яамны сайд зэрэг төрийн өндөр хариуцлагатай албыг олон жил үр бүтээлтэй хашиж, зам, тээвэр, холбооны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

-Дэлхийн олон орны эдийн засаг, шинжлэх ухаан, техник, уран зохиолын 200 гаруй ном, сурах бичиг, толь бичгийг Орос, Англи, Герман хэлнээс орчуулж хэвлүүлсэн.

-Заяа түшсэн нутаг, Нар тоссон говь, Гал манасан заяа зэрэг 10 гаруй баримтат киноны зохиолыг бичиж, зургийг авахуулсан.

-Зүйр цэцэн үг, яруу найргийн олон ном бичиж, Б.Энэбиш, Бага Энэбиш, Б.Галба нэрээр хэвлүүлсэн.