Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын мэндчилгээ
Эрхэм хүндэт тээвэрчид ээ,
Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ түвшин сайхан амьдралын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжилсан инженер техникийн ажилтнууд, тээвэрчид, автотээврийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны Тэргүүлэгч гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Манай улсад тэртээ 1925 онд уламжлалт тээвэр болох тэмээн жин, морин өртөөг халж дан ганц ачаа бус зорчигч тээвэрлэх мехникжсан тээврийн хэрэгслээс бүрдсэн шинэ салбар үүсч хөгжих суурь тавигдсан бөгөөд тус салбар шуудан, ачаа, зорчигчийг тээвэрлэх, дайны хүнд жилүүдэд эх эрноо батлан хамгаалах хэрэгцээг хангах, атар газар эзэмших, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд иргэд, малчдад шуурхай тусламж үзүүлэх, улс ардын аж ахуйн их бүтээн байгуулалтын хүнд ачааг тээвэрлэх, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах зэрэг улс орны амьдралын бүхий л салбар, хүн ардын тээвэрлэлтийн хэрэгцээг нэр төртэй ханган биелүүлж ирсэнийг бахархалтайгаар тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, далайд гарцгүй, төмөр замын болон иргэний нисэхийн сүлжээ хязгаарлагдмал манай орны нөхцөлд автотээвэр нь ачаа, зорчигчийг “хаалганаас хаалга”-нд хүргэдэг, хамгийн түгээмэл, хүртээмжтэй, хэрэглэгчид ойрхон тээвэр байсан, цаашид ч энэ ач холбогдол, байр сууриа хадгалах нь гарцаагүй.
Монгол Улсын төрөөс тээврийн салбарыг зах зээлийн нөхцөлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох зэрэг ажлуудыг хийж байна. Үүнээс гадна 2005 оноос ачаа барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэх ТИР карнейг хэрэглэн улс хооронд тээвэрлэлт хийх боломж нээсэн нь манай улсын эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Монгол Улсын автотээвэрчдийн эрх ашгийг хамгаалах, тээвэрчдийн санал, санаачлагыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зорилгоор Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо 1991 онд байгуулагдсанаас хойш өнөөдөр эгнээндээ салбарын бусад холбоод болон 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэж, үйл ажиллагаагаа олон улсын жишиг, чиг хандлагын дагуу улам өргөжүүлэн хөгжүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Автотээврийн салбар зах зээлийн харилцаанд шилжиж хотын болон улс, хот, аймаг, хоорондын тээвэрлэлтийг үндсэнд нь хувийн хэвшлийн тээврийн хэрэгслээр гүйцэтгэх боллоо. Төрөөс автотээврийн зарим үйлчилгээг зохицуулж байгаа боловч салбарын ихэнх үйлчилгээ зах зээлийн эрэлт, хэрэгцээний дагуу зохицуулагдаж байна. Иймд автотээврийн салбарын хууль эрх зүй, аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг боловсронгуй болгох, боловсон хүчин бэлтгэх, техник, технологи, автопаркийг шинэчлэх, дэд бүтцийг сайжруулах тодорхой хөгжлийн бодлоготой болох зэрэг ойрын хугацаанд шийдвэрлэх олон асуудал салбарын өмнө зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улсын хөгжилд авто тээврийн салбарын үзүүлэх нөлөөллийг идэвхжүүлэн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан үйлчилгээнийхээ хүрээг оновчтой тогтоож хямд үнэ, үйлчилгээний чанараар хэрэглэгчдийг татан тээвэрлэлтийн хэрэгцээг найдвартай, аюулгүй, бүрэн дүүрэн ханган үйлчилгээний сахилга, соёлыг дээшлүүлж ажиллах нь автотээвэрчид бидний хойшлуулшгүй зорилтын нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрсөн Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад тээвэрчид, тээврийн үйлчилгээний байгууллагууд Ази, Европын улсын төр, засгийн тэргүүн, зочид, төлөөлөгчд нарт өндөр соёл, хариуцлагатай үйлчилгээг үзүүлж Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дуурсагдахад бодит хувь нэмрээ оруулсанд талархаж байгаагаа илэрхийлээд манай автотээвэрчид ололт амжилтаа улам бататгаж, тавьсан зорилт, улс ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргээ амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо итгэл дүүрэн байна.
Автотээвэрчид, Та бүхний гэр бүлд алтан шар зам тань өлзийтэй байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлье.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.
МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Г.БАТХҮҮ
Улаанбаатар хот
2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр