ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих журам

2017-04-26


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 12 дугаар                                        Дугаар                                      Улаанбаатар

сарын 12-ны өдөр                                            А/79                                                   хот 

Журам батлах тухай

Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“ТИР Конвенцийг хэрэгжүүлэх, ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Э.Мөнхөө/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны 319 дүгээр тушаалыг хүчингүй болгонд тооцсугай.

4.Энэ тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

ДАРГА                                           Б.АСРАЛТ

 

 

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3690 дүгээрт бүртгэв.

 

Гаалийн ерөнхий газрын даргын  

2016 оны А/79 дүгээр тушаалын хавсралт

 

ТИР КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТИР КАРНЕЙ БҮХИЙ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.ТИР карнейг хэрэглэн барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай Конвенцийг хэрэгжүүлэх, ТИР карней олгох, ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг бүртгэх, хяналт тавих, гаалийн болон бусад татварыг нэхэмжлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Барааг ТИР карней хэрэглэн олон улсын хэмжээнд тээвэрлэхэд дараах эрх зүйн баримт бичгийг мөрдөнө:

а.ТИР карнейг хэрэглэн бараа олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай Конвенц /цаашид "ТИР Конвенц" гэгдэх/;

б.Гаалийн тухай хууль;

в.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль;

г. "Конвенц хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай"  Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаар тогтоол;

д.Баталгаа гаргах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Автотээвэр эрхлэгчдийн үндэсний нийгэмлэг /цаашид "МАТНХ" гэгдэх/ хоорондын Хэлэлцээр /цаашид "Хэлэлцээр" гэгдэх/;

ж.холбогдох хууль тогтоомж.

Хоёр. ТИР карней олгох, баталгаа гаргах

2.1.ТИР Конвенцийн Хавсралт №1-д заасан ТИР карнейг ТИР тээвэрлэлт гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгжид МАТНХ олгож, Монгол Улсын нутаг дэвсгэрт карнейтай холбогдон үүсэх хариуцлага хүлээх баталгаа гаргана.

2.2.Нэг ТИР карнейд холбогдох баталгааны хэмжээ нь Хэлэлцээрийн 4 дүгээр хэсэгт тусгагдсан хэмжээнээс хэтрэхгүй байна.

2.3.МАТНХ ТИР карней олгосон тухай бүр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан бүтцийн нэгжид цахим шуудангаар мэдэгдэнэ.

2.5.МАТНХ болон Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан бүтцийн нэгж хаалт хийсэн буюу хаалт хийгээгүй ТИР карнейн талаар Хэлэлцээр болон Меморандумын дагуу харилцан мэдээлэл солилцоно.

Гурав. Гаалийн хилээр оруулах ТИР карней бүхий бараа тээврийн  хэрэгслийг гаалийн хяналтад авах, бүрдүүлэлт хийх

3.1.Засгийн газрын тогтоолоор баталсан ТИР Конвенцийн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэхэд Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гаалийн байгууллагын жагсаалтад орсон гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор ТИР карней бүхий барааг оруулна.

3.2.Тээвэрлэгч Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан бичиг баримтаас гадна ТИР конвенцийн 4 дүгээр зүйлд заасан Зөвшөөрлийн гэрчилгээ болон ТИР карнейг гаалийн байгууллагад гарган өгч, гаалийн бүртгэлийн системд бүртгүүлнэ.

 3.3.Хилийн гаалийн байгууллагын автотээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан гаалийн улсын байцаагч ТИР карней бүхий бараа, автотээврийн хэрэгсэл, автотээврийн хэрэгслийн цогц болон чингэлгийг СAIS програмын карго-тээвэр дэд програмын “Зорилго” хэсгээс “Түр/ТИР карнейтай” цэсийг сонгож бүртгэнэ.

 3.4.Автотээврийн хэрэгслийг шалгахаар томилогдсон гаалийн улсын байцаагч ТИР конвенцийн 4 дүгээр зүйлд заасан Зөвшөөрлийн гэрчилгээ болон ТИР карней хүчинтэй эсэхийг шалгаж, автотээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ. ТИР карней бүхий барааг гаалийн байгууллага шаардлагатай гэж үзвэл шалгана.

3.5.Гаалийн байгууллага дараах тохиолдолд ТИР карнейг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж болно.

3.5.1.ТИР карнейн нүүр хуудасны 1 дүгээр хүснэгтэд Карней олгогч нийгэмлэгээс тогтоосон  хугацаа дууссан;

3.5.2.ТИР конвенцийн 4 дүгээр зүйлд заасан Зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй эсхүл хүчинтэй хугацаа дууссан;

3.5.3.Илгээх газрын гаалийн байгууллагаас зааж өгсөн хүлээн авах гаалийн байгууллага өөрчлөгдсөн;

3.5.4.Гаалийн тэмдэглэгээ гэмтсэн;

3.5.5.Ачааны манифест болон таслах бүх хуудасны 1-11 дүгээр хүснэгтийг бичгийн машинаар, эсхүл цэвэр гаргацтай бөглөөгүй;

3.5.6.ТИР карнейн Ачааны манифестын /VOUCHER №1/№2/ 14 дүгээр хүснэгт бөглөөгүй, 15 дугаар хүснэгтэд гарын үсэг зураагүй.

3.6.ТИР карней нь ачааны манифестыг орлоно.

3.7.Автотээврийн хэрэгслийг шалгахаар томилогдсон гаалийн улсын байцаагч ТИР карнейн таслах цагаан /VOLET №1/ болон ногоон /VOLET №2/ хуудасны 17-22 дугаар хүснэгтийг бөглөж, 23 дугаар хүснэгтэд гарын үсэг зурж ТИР тэмдэг дарна.

3.8.ТИР карнейн таслах цагаан хуудасны карнейд үлдэх хэсгийн /SOUCHE №1/ 1-5 дугаар хүснэгтийг бөглөж 6 дугаар хүснэгтэд гарын үсэг зурж, ТИР тэмдэг дарна.

3.9.ТИР карнейд огноог өдөр/сар/он гэсэн дарааллаар бичнэ.

3.10.ТИР карнейг баллах, гараар засвар хийхийг хориглоно. Засвар хийх шаардлагатай тохиолдолд алдаатай бичсэнийг нэг зурж дараад бичлэгийг нэмж гүйцэтгэнэ.

3.11.ТИР карнейг таслах цагаан хуудасны гаалийн байгууллагад үлдэх хэсгийг таслан авна.

3.12.Автотээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг дугаарлаж, дугтуйлан тэмдэглэгээ хийж, ТИР карнейн Нүүр хуудаст үдэж тээвэрлэгчид шилжүүлнэ. Дагалдах бичиг баримтыг дугаарлахдаа нийт хуудасны тоо, тухайн хуудасны дугаарыг хуудас бүр дээр бичнэ. Жишээ нь: 5 хуудас баримтын нэгдүгээр хуудсыг 1/5 гэх мэт.

3.13.Автотээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч ТИР карнейн гаалийн байгууллагад үлдэх цагаан хуудсыг ТИР карнейн бүртгэл мэдээлэл хариуцсан гаалийн улсын байцаагчид шилжүүлэн өгнө.

3.14.Засгийн газрын тогтоолоор баталсан ТИР Конвенцийн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн бүрдүүлэлт хийх, хяналт тавих гаалийн байгууллагын жагсаалтад орсон гүний гаалийн байгууллага ТИР карней бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ.

3.15.ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг хүлээн авсан гаалийн хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагч ТИР карнейн дугаар, хяналтад авсан огноо, автотээврийн хэрэгслийн дугаарыг бүртгэж, гаалийн хяналт тавина. Гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа гаалийн мэдүүлгийн дугаарыг бүртгэлд тэмдэглэнэ. ТИР карней бүхий бараа тээврийн хэрэгслийн мэдээллийн талаар ТИР карнейн бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчтай тулгалт хийж, мэдээлэл солилцоно.

3.16.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх улаан төлөв сонгогдсон тохиолдолд ТИР карнейг бараанд шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч, улбар шар төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримтын шалгалт хийх гаалийн улсын байцаагч, ногоон төлөв сонгогдсон тохиолдолд гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч ТИР карнейн таслах ногоон хуудасны /VOLET №2/ 24-27 дугаар хүснэгтийг бөглөж, 28 дугаар хүснэгтэд гарын үсэг зурж, ТИР тэмдэг дарна.

3.17.ТИР карнейн таслах ногоон хуудасны карнейд үлдэх хэсгийн /SOUCHE №2/ 1-5 дугаар хүснэгтийг бөглөж 6 дугаар хүснэгтэд гарын үсэг зурж, ТИР тэмдэг дарна.

3.18.ТИР карнейд огноог бичихдээ энэ журмын 3.9-д заасныг мөрдөнө.

3.19.Энэ журмын 3.16-д заагдсан гаалийн улсын байцаагч ТИР карнейн гаалийн байгууллагад ногоон хуудсыг ТИР карнейн бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчид шилжүүлнэ.

3.20.Мэдүүлэгч гаалийн мэдүүлгийн маягтыг 52 дугаар хүснэгтийн “Тээврийн баримт” хэсэгт ТИР карнейн дугаарыг бичнэ.

3.21.Гаалийн хяналтад авсан болон эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагуудын ТИР карнейн бүртгэл, мэдээлэл хариуцсан гаалийн улсын байцаагч Хэлэлцээрийн 1-р хавсралтад заасан үзүүлэлтээр мэдээг гаргана.

3.22.Хэрэв эцсийн бүрдүүлэлтийг гүний гаалийн байгууллага хийсэн бол ТИР карнейн таслах хуудасны /ногоон өнгөтэй/ 18-28 дугаар хүснэгт бүхий хэсгийг гаалийн хилээр оруулсан хилийн гаалийн байгууллагад шуудангаар илгээнэ.

3.23.ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагын хяналтад орох хүртэл гаалийн хяналтад авсан гаалийн байгууллага хяналт тавина. Эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагаас илгээсэн ТИР карнейн таслах ногоон хуудасны 18-28 дугаар хүснэгттэй хэсэг эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад ирснээр тухайн ТИР карней бүхий тээвэрлэлт бүрэн дууссанд тооцно.

Дөрөв. Гаалийн хилээр гаргах ТИР карней бүхий бараа тээврийн хэрэгслийг  гаалийн хяналтад авах, бүрдүүлэлт хийх

4.1.Засгийн газрын тогтоолоор баталсан ТИР Конвенцийн хүрээнд тээвэрлэх барааг олон улсын хэмжээнд тээвэрлэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн бүрдүүлэлт хийх, хяналт тавих гаалийн байгууллагуудын жагсаалтад орсон гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийнэ.

4.2.Тээвэрлэгч Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан бичиг баримтаас гадна ТИР конвенцийн 4 дүгээр зүйлд заасан Зөвшөөрлийн гэрчилгээ болон ТИР карнейг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

4.3.ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч энэ тушаалын 3.5-3.13 заасныг мөрдөж ажиллана.

4.4.ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийн эцсийн бүрдүүлэлт хийх хилийн гаалийн байгууллага автотээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан гаалийн улсын байцаагч ТИР карней бүхий бараа, автотээврийн хэрэгсэл, автотээврийн хэрэгслийн цогц болон чингэлгийг СAIS програмын карго-тээвэр дэд програмын “Зорилго” хэсгээс “Түр/ТИР карнейтай/ цэсийг сонгож бүртгэнэ.

4.5.Автотээврийн хэрэгслийг шалгахаар томилогдсон гаалийн улсын байцаагч ТИР конвенцийн 4 дүгээр зүйлд заасан Зөвшөөрлийн гэрчилгээ болон ТИР карней хүчинтэй эсэхийг шалгаж, автотээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ. ТИР карней бүхий барааг гаалийн байгууллага шаардлагатай гэж үзвэл шалгана.

4.6.Автотээврийн хэрэгслийг шалгахаар томилогдсон гаалийн улсын байцаагч ТИР карнейн таслах ногоон хуудасны /VOLET №2/ 24-27 дугаар хүснэгтийг бөглөж, 28 дугаар хүснэгтэд гарын үсэг зурж, ТИР тэмдэг дарна.

4.7.ТИР карнейн таслах ногоон хуудасны карнейд үлдэх хэсгийн /SOUCHE №2/ 1-5 дугаар хүснэгтийг бөглөж 6 дугаар хүснэгтэд гарын үсэг зурж, ТИР тэмдэг дарна.

4.8.ТИР карнейг таслах ногоон хуудасны гаалийн байгууллагад үлдэх хэсгийг таслан авна.

4.9.Энэ журмын 4.6-д заагдсан ТИР карнейг бөглөсөн гаалийн ажилтан ТИР карнейн гаалийн байгууллагад үлдэх хэсгийг ТИР карнейн бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчид шилжүүлнэ.

4.10.Эхний болон эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагуудын ТИР карнейн бүртгэл, мэдээлэл хариуцсан гаалийн улсын байцаагч Хэлэлцээрийн 1-р хавсралтад заасан үзүүлэлтээр мэдээг гаргаж, эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага Олон улсын автотээвэрлэгчдийн холбооны ТИР карнейн бүртгэлийн програмд ТИР карнейн мэдээллийг үнэн зөв оруулна.

4.11.ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийн эцсийн бүрдүүлэлтийг хийсэн хилийн гаалийн байгууллага  ТИР карнейн таслах хуудасны /ногоон өнгөтэй/ 18-28 дугаар хүснэгт бүхий хэсгийг эхний бүрдүүлэлт хийсэн гүний гаалийн байгууллагад шуудангаар илгээнэ.

4.12.ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгуулагын хяналтад орох хүртэл эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавина. Эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагаас илгээсэн ТИР карнейн таслах ногоон хуудасны 18-28 дугаар хүснэгттэй хэсэг эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад ирснээр тухайн ТИР карней бүхий тээвэрлэлт бүрэн дууссанд тооцно.

Тав.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах, буцаан гаргах

5.1.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулсан гаалийн байгууллага энэ журмын 3.1-3.13-д заасныг мөрдөнө.

5.2.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр гаргах гаалийн байгууллагын автотээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан байцаагч СAIS програмын карго-тээвэр дэд програмаас автотээврийн хэрэгслийн бүртгэлийн нотолгооны дугаарыг татан бүртгэж, гаалийн хяналтад оруулна.

5.3.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр гаргах гаалийн байгууллага энэ журмын 4.5-4.12-д заасныг мөрдөнө.

Зургаа. Гаалийн болон бусад татварыг нэхэмжлэх

6.1.ТИР Конвенцийн заалт зөрчигдсөн тохиолдолд гаалийн байгууллага холбогдох гаалийн болон бусад татварыг МАТНХ-аас нэхэмжилнэ.

6.2.МАТНХ гаалийн байгууллагаас нэхэмжилсэн гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөхгүй бол гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн дагуу МАТНХ-д хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Бусад асуудал

7.1.Давагдашгүй хүчин зүйл, зам тээврийн осол тохиолдсон үед эрх бүхий байгууллага /ойролцоо байрлах гаалийн байгууллага, цагдаа, онцгой байдлын байгууллага/ ТИР карнейн Протокол хуудасны 1-14 дүгээр хүснэгтэд барааны дутсан, устгагдсан тоо хэмжээ, давагдашгүй хүчин зүйл, зам тээврийн осол гарсан газрын нэр, гаалийн тэмдэглэгээ өөрчлөгдсөн эсэх, тээврийн хэрэгслийн гэмтлийн талаар бөглөнө.

7.2.Давагдашгүй хүчин зүйл, зам тээврийн осол тохиолдох үед бараа дутсан, эвдэрсэн, автотээврийн хэрэгсэл цаашид хөдөлгөөнд орох боломжгүй болсон тохиолдолд гаалийн байгууллага ТИР тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлд барааг шилжүүлэн ачих эсэхийг шийдвэрлэнэ. Барааг шилжүүлэн ачих зөвшөөрөл олгосон тохиолдолд ТИР карнейн Протокол хуудасны 16-17 дугаар хүснэгтийг бөглөнө.

7.3.Энэ журмын 7.1, 7.2-д заасан барааг гаалийн хяналтад хүлээн авсан гаалийн байгууллагын томилогдсон гаалийн улсын байцаагч ТИР карнейн Протокол хуудасны 18 дугаар хүснэгтэд гарын үсэг зурж, баталгаажуулна.

7.4.ТИР карней бүхий барааг тээвэрлэгч гаалийн болон бусад холбогдох хууль, тогтоомжийн зөрчил гаргасан тохиолдолд ТИР карнейн тасалбар картыг зөрчил илрүүлсэн гаалийн улсын байцаагч бөглөж, таслан ТИР карней эзэмшигчид өгөөд зөрчлийг хянан шийдвэрлэсний дараа ТИР карнейг ТИР карней эзэмшигчид буцаан олгоно.

7.5.Энэхүү түр журмаар зохицуулаагүй бусад асуудлыг гаалийн болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

7.6.Энэ журмыг зөрчсөн тохиолдолд гаалийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн улсын байцаагчид хариуцлага хүлээлгэнэ.

-оОо-

Хамтран ажилладаг байгууллагууд