Олон улсын автотээврийн харицааны тухай Монгол улсын засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын засгийн газар хоорондын хэлэлцээр

ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар (цаашид “Хэлэлцэн тохирогч Талууд” гэнэ), хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааны тааламжтай нөхцлийг анхааралдаа авч, хоёр орны хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх авто тээврийн харилцааг цаашид хөгжүүлэхийг эрмэлзэн, дор дурьдсан зүйлийг хэлэлцэн тохиров.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийн дагуу авто тээврээр гүйцэтгэх хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх зорчигч, ачааны байнгын болон байнгын бус тээвэрлэлтийг Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэрт бүртгэлтэй авто тээврийн хэрэгслээр олон улсын авто тээврийн харилцааны зориулалтаар нээгдсэн замаар хийнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан нэр томъёо нь дараах утгыг илэрхийлнэ. Үүнд:

”хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд” Монгол улсын талаас – Монгол Улсын Дэд бүтцийн яам,

Бүгд Найрамдах Турк Улсын талаас –Бүгд Найрамдах Турк улсын Тээврийн Яам;

“тээвэрлэгч” гэж энэхүү Хэлэлцээр болон хэлэлцэн тохирогч Талуудын хууль тогтоомжид нийцүүлэн ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг;

“тээврийн хэрэгсэл” гэж:

ачаа тээвэрлэлтэд – ачаа автомашин, чиргүүлтэй ачааны автомашин, авто зүтгүүр буюу хагас чиргүүлтэй авто зүтгүүр,

зорчигч тээвэрлэлтэд- автобус, өөрөөр хэлбэл жолоочийн суудлаас гадна наймаас доошгүй суудалтай зорчигч тээвэрлэх зориулалт бүхий авто тээврийн хэрэгсэл, түүнчлэн зорчигчдын тээш тээвэрлэх чиргүүл;

d/ “зорчигч тээврийн байнгын үйлчилгээ” гэж Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын урьдчилан тохиролцсон хөдөлгөөний цагийн хуваарь, эхний болон эцсийн буудал, зогсоолуудыг заасан аялалын замналын дагуу автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх тээвэрлэлтийг;

e/ “зорчигч тээврийн байнгын бус үйлчилгээ” гэж энэ зүйлийн d) –д зааснаас бусад зорчигчдын бүх тээвэрлэлтийг;

f/ “дамжин өнгөрөх тээвэрлэлт” гэж Хэлэлцэн тохирогч аль нэг Талын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улсуудад гүйцэтгэх тээвэрлэлтийг;

g/ “гуравдагч улс гэж” энэхүү хэлэлцээрт оролцоогүй улсыг;

h/ “зөвшөөрөл” гэж энэхүү Хэлэлцээрийн дагуу Хэлэлцэн тохирогч хоёр Талын хооронд болон тэдгээрийн нутаг дэвсгэрээр дамжин олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгсэлд харилцан олгох зөвшөөрлийг;

i) “квот” гэж Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагаас олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгсэлд жил бүр харилцан олгох зөвшөөрлийн тоог хэлнэ.

Нэг . ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын хооронд урьдчилан тохиролцсоны дагуу автобусаар зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохих зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулна.

Зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулах тухай саналыг Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд бие биедээ урьдчилан өгнө. Энэ саналд тээвэрлэгчийн нэр, аялалын замнал, хөдөлгөөний цагийн хуваарь, үнэ тариф, зорчигчдыг буулгах, суулгах буудал зогсоол , түүнчлэн тээвэрлэлтийг гүйцэтгэх хугацаа, давтамжийн талаархи мэдээллийг заавал тусгасан байна.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэхэд энэхүү Хэлэлцээрийн тавдугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна.

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллага өөрийн улсын нутгаар дайрч өнгөрөх замын тар хэсэгт зөвшөөрөл олгоно.

Хэрэв энэ зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэхэд ирэх, очих нэг удаагийн аялал хийх эрхийн зөвшөөрөл олгоно.

ТАВДУГААР ЗҮЙЛ

Олон улсын зорчигчдын тээвэрлэлт гүйцэтгэж яваад эвдэрсэн тээврийн хэрэгсэлийг өөр тээврийн хэрэгслээр солиход энэхүү Хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлд заасан зөвшөөрөл шаардагдахгүй.

Хоёр. АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр чиргүүлтэй буюу чиргүүлгүй ачааны автомашин, авто зүтгүүр, хагас чиргүүлтэй зүтгүүрээр энэхүү Хэлэлцээрийн долдугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин ачаа тээвэрллтийг гүйцэтгэнэ.

Хэрэв зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол ачаа тээвэрлэлт хийхэд очих, ирэх нэг удаагийн аялал хийх эрхийн зөвшөөрөл олгоно.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийн зургадугаар зүйлд заасан зөвшөөрлийг дараах тээвэрлэлтийг гүйцэтгэхэд шаардахгүй. Үүнд:

a) үзэсгэлэн, яармагийн зориулалттай үзмэр, тоног төхөөрөмж, материал;

b) спортын арга хэмжээ явуулахад зориулагдсан тээврийн хэрэгсэл, амьтан тэрчлэн бусад төрлийн хэрэгсэл, эд юмс;

c) театрын засал чимэглэл, хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, кино зураг авах болон радио телевизийн нэвтрүүлэг хийх зориулалтын тоног төхөөрөмж, эд зүйлс;

d) нас барагчийн чандруу, шарил;

е) шуудан

f) эвдрэл гэмтэлтэй автотээврийн хэрэгсэл;

g) байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэхэд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хэрэгсэл;

h) техникийн тусламжийн автомашин.

Энэ зүйлийн 1-ийн а),b),c)-д тусгагдсан заалтууд нь зөвхөн тухайн ачааг авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн улсад буцааж авчрах буюу гуравдагч улсын нутгаар дамжуулан тээвэрлэх тохиолдолд хүчинтэй байна.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Хэрэв ачаатай буюу ачаагүй яваа автотээврийн хэрэгслийн овор хэмжээ болон жин нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр тогтоосон нормоос хэтэрсэн, мөн түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийг авна.

Хэрэв энэ зүйлийн 1-д дурдсан зөвшөөрөлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой замналаар явахаар тогтоосон бол тээвэрлэлтийг зөвхөн тухайн замналаар гүйцэтгэнэ.

Хэлэлцэн тохирогч Талуудын хооронд түүнчлэн тэдгээрийн нутгаар дамжуулан Талуудын дотоодын хууль тогтоомжоор хориглосон зэр зэвсэг, сум хэрэгсэл, байлдааны тоног төхөөрөмж, тэсрэх бодис бусад аюултай ба хортой ачааг тээвэрлэхийг хориглоно.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын авто тээврийн хэрэгсэлд буцах чиглэлийн ачаа олгох үйл ажиллагааг зөвхөн өөрийн хууль ёсны тээврийн төлөөлөгчөөр дамжуулан зохион байгуулна.

Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэр дээр ачаа болон зорчигч олох үйл ажиллагааг зөвхөн энэхүү зорилгоор зөвшөөрөл авсан тохиолдолд гүйцэтгэж болно.

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

АРАВДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх авто тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөлийн бичгийг харилцан тохиролцсон тоогоор жил бүр солилцоно.

Энэхүү зөвшөөрлийн бичиг нь зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга тэмдэг, албан тушаалтны гарын үсэгтэй байна.

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд зөвшөөрлийн бичиг солилцох журмыг харилцан тохиролцоно.

Энэхүү зөвшөөрлийн бичгийг тухайн тээвэрлэгч байгууллагын нэг тээврийн хэрэгсэлд олгох бөгөөд түүнийг бусдад дамжуулан хэрэглэхийг хориглоно.

АРВАННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч нэг Талын тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй бол Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр орших хоёр цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэхийг хориглоно.

Хэлэлцэн тохирогч аль нэг Талын тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй бол Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутгаас гуравдагч улсын нутагт тэрчлэн гуравдагч улсын нутгаас Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутагт тээвэрлэлт хийхийг хориглоно.

АРВАНХОЁРДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрт заасан тээвэрлэлтийг тухайн орны дотоодын хууль тогтоомжийн дагуу олон улсын тээвэрлэлт хийхээр зөвшөөрөгдсөн тээвэрлэгч гүйцэтгэнэ.
Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгсэл нь өөрийн улсын бүргтгэлийн дугаар, таних тэмдэгтэй байна.

АРВАНГУРАВДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ олон улсын хэмжээнд нийтлэг мөрддөг загварт нийцсэн дагалдах хуудсыг хэрэглэнэ.

АРВАНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Авто тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн авто тээврийн хэрэгсэл жолоодох ангилалд тохирсон олон улсын хэмжээнд нийтлэг мөрддөг загварт нийцсэн үндэсний буюу олон улсын жолоочийн үнэмлэх, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн баримт бичигтэй байна.

Энэхүү Хэлэлцээрийн дагуу шаардагдах зөвшөөрөл болон бусад баримт бичгийг авто тээврийн хэрэгсэлдээ авч яван, хяналт шалгалтын эрх бүхий байгууллагуудын шаардлагаар үзүүлж байна.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийн дагуу ачаа болон зорчигчдын тээвэрлэлттэй холбогдож гарсан практик асуудлуудыг Хэлэлцэн тохирогч Талуудын тээвэрлэгчид хоорондоо шууд зохицуулж болно.

Хэлэлцэн тохирогч нэг Талын тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутагт тухайн улсын хууль тогтоомжид тусгагдсан журмын дагуу өөрийн төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулж болно.

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх улс хоорондын ачаа, зорчигч, тээшний тээврийн тарифыг Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд тохиролцоно.

Тээврийн үнэ хөлсний тооцоог Засгийн газар хоорондын төлбөрийн хэлэлцээр болон хоёр Талын үндэсний банк хоорондын хэлэлцээрийн дагуу хийнэ.

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талууд нь дор дурьдснаас бусад тохиолдолд хоёр Талын хооронд болон өөрсдийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Хэлэлцэн тохирогч нөгөө Талын тээврийн хэрэгсэлд аливаа экспорт, импортын татвар, хураамж ноогдуулахгүй. Үүнд :

автозам, замын байгууламж (зам, гүүр)-ийг ашигласны төлбөр;
тээврийн хэрэгслийн загвар, техникийн үйлчилгээ, хамгаалалт, тээвэрлэлтийн зохион байгуулалттай холбогдсон үйлчилгээний хураамж;
тээврийн хэрэгслийн жин, овор эсвэл ачаа нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын дотоодын хууль тогтоомжоор тогтоосон хязгаараас хэтэрсэн тохиолдолд ноогдуулах хураамж.

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийн дагуу зорчигч, ачаа тээвэрлэлтийг тээврийн хэрэгсэл ба жолоочийн иргэний хариуцлагыг заавал даатгуулсан нөхцөлд гүйцэтгэнэ.

Тээвэрлэгч нь дурдсан тээвэрлэлтийг гүйцэтгэх тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан заавал даатгуулсан байна.

АРВАНЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн болон цээрийн шалгалтанд Хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцсон олон улсын гэрээг мөрдөх бөгөөд харин эдгээр гэрээгээр зохицуулагдаагүй асуудлыг шийдвэрлэхдээ нутаг дэвсгэрт нь тухайн тээвэрлэлт хийгдэж байгаа Хэлэлцэн тохирогч Талын дотоодын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

Зорчигчдын байнгын тээвэрлэлт, хүнд өвчтөн, тэрчлэн мал амьтан, түргэн муудах ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хилийн шалган нэвтрүүлэх , гаалийн болон хорио цээрийн шалгалтыг эхний ээлжинд хийнэ.

ХОРИННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийг үндэслэн тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг руу тээвэрлэж яваа доорхи зүйлсийг гаалийн татвар хураамж, зөвшөөрлөөс харилцан чөлөөлнө.

тухайн загварын авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тэжээлийн системтэй технологийн болон зохион байгуулалт, бүтцийн талаар холбоо бүхий түлшний саванд байгаа шатахуун;

тээвэрлэлтийн явцад зайлшгүй хэрэглэгдэх хэмжээний тосолгооний материал;

олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа авто тээврийн хэрэгслийн загварт зориулагдсан сэлбэг, багаж хэрэгсэл.

Хэрэглэгдээгүй сэлбэгийг эргүүлэн тээвэрлэнэ. Харин солигдсон хуучин сэлбэгийг тухайн улсаас авч буцна. Эсвэл Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсэгр дээр тогтоосон журмын дагуу устгана.

ХОРИНХОЁРДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талуудын тээвэрлэгч, авто тээврийн хэрэгсэл нутаг дэвсгэрт нь оршиж байгаа тухайн улсын хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөнө.

ХОРИНГУРАВДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч нэг Талын тээвэрлэгч буюу жолооч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр автозамын хөдөлгөөн, тээвэрлэлтийн дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчил гаргасан тээвэрлэгчийн Талын эрх бүхий байгууллага нь тухайн зөрчил үйлдэгдсэн нөгөө орныхоо эрх бүхий байгууллагын хүсэлтээр энэхүү Хэлэлцээрийн биелэлтийг хангахад шаардагдах зохих арга хэмжээг авна.

ХОРИНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч талууд нь энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад үүдэн гарах бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдсэн Хамтарсан комисс байгуулна.

Хамтарсан комисс нь Хэлэлцэн тохирогч Талуудын аль нэг талын саналаар Монгол ба Туркэд ээлжээр уулзаж ажиллана.

Хамтарсан комисс нь энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах, хэрэгжүүлэх явцад гарч болох маргаантай бүх асуудлыг хэлэлцэх болон зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ.

Эдгээр уулзалт, зөвлөлгөөн үр дүнд хүрээгүй тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талууд нь маргаантай асуудлыг Хэлэлцэн тохирогч Талуудад нийцэхүйц бусад арга замаар шийдвэрлэнэ.

ХОРИНТАВДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээр болон түүнчлэн Хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцсон олон улсын гэрээгээр зохицуулагдахгүй асуудлыг нутаг дэвсгэрт нь тухайн тээвэрлэлт хийгдэж байгаа Хэлэлцэн тохирогч Талын дотоодын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

ХОРИНЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч Талуудын олон улсын бусад гэрээ хэлэлцээрээр хүлээсэн эрх үүргийг хөндөхгүй.

ХОРИНДОЛДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээрийн заалтанд оруулах нэмэлт өөрчлөлтийг Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд харилцан тохиролцож бичгээр үйлдэнэ.

ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Хэлэлцээр нь түүнийг Хэлэлцэн тохирогч Талуудын дотоод хууль тогтоомжийн дагуу Хэлэлцээрийг баталсан тухай нот бичиг солилцсоноос хойш 30 хоног өнгөрсний дараагаар хүчин төгөлдөр болно. Хэлэлцээрийг 5 жилийн хугацаатай байгуулав.

Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь энэхүү Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоохоор товлож байгаа хугацаанаасаа 6 сарын өмнө энэ тухайгаа Хэлэлцэн тохирогч нөгөө талд дипломат шугамаар мэдэгдэх замаар хэдийд ч уг Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоож болно.

Хэлэлцэн тохирогч Талууд нь нөгөө Талдаа энэ тухайгаа мэдэгдэхгүй бол Хэлэлцээрийн хүчин төгөлдөр хугацаа нэг жилээр аяндаа сунгагдана.

Энэхүү хэлэлцээрийг 2002 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо англи, монгол, турк хэлээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
Энэхүү хэлэлцээрийн агуулгыг тайлбарлах талаар зөрүү гарвал англи хэл дээрх бичвэрийг баримтална.