IRU -гийн цахим хуудаснаа

Монгол Улс Хятад, Орос улстай худалдааг нэмэгдүүлэхэд ТИР-г ашиглана

Эх сурвалж: https://www.iru.org/resources/newsroom/mongolia-backs-tir-spur-trade-china-and-russia

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Олон улсын автотээвэрчдийн холбоотой хамтран Улаанбаатар хотод зохион байгуулагдах цуврал сургалт, семинарын зорилго нь Монгол улсын зам тээврийн гол коридоруудыг дамнан Хятад, Орос хоёр улсыг холбож, Азийн автозамын сүлжээний дагуу худалдааны эргэлтийг сэргээхэд чиглэгдэх юм.

Сургалтыг үеэр хийгдэх уулзалтууд нь Хятад, Монгол, Орос гурван улс гарын үсэг зурж, баталгаажуулсан Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт дурдсанаар дамжин өнгөрөх тээвэрт учирч буй саад бэрхшээлүүдийг арилгах, автозамын тээвэрлэлтийн хүргэлтийн хугацааг багасгах, цаашид бүс нутгийн худалдааны чадавхийг нэмэгдүүлэх талаар Монгол улсаас авч хэрэгжүүлж буй бодлогыг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

МАТНХолбооны Ерөнхийлөгч Г.Батхүү “ТИР системийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэн, гаалийн хяналтыг хөнгөвчилж, үндэсний тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулахын зэрэгцээ, бүс нутагт худалдааг хөнгөвчлөхөд олон улсын автотээвэр чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж цохон тэмдэглэлээ. Мөн тэрээр “Гурван улсын Засгийн газар хоорондын 3 талт хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэж заншсан ТИР системийг ашиглах нь хамгийн үр дүнтэй, шилдэг арга зам бөгөөд бүс нутгийн тээврийг хөгжүүлэхэд өөр механизм шаардлагагүй юм” гэж мэдэгдлээ.

Хэлэлцээрт тусгагдсан Хятад-Монгол-ОХУ –ын тээврийн коридор нь Монгол улсын төв болон баруун хэсгийг дамнан гурван улсыг холбох бөгөөд эдгээр коридоруудыг ашиглан Монгол улс далайд гарцтай болох боломжтой юм. Энэхүү замын сүлжээ нь Хятадын нэг зам, нэг бүс санаачлага мөн Монголын талын санаачлагын хүрээнд онцлон тэмдэглэгдсэн Зүүн Азийн эдийн засгийн бүсийг Европтой холбох худалдааны коридоруудын нэг юм.

Монгол Улсын Зам, Тээврийн Хөгжлийн Яам Олон улсын автотээврийн холбоотой уулзахын зэрэгцээ Монгол улсад тээвэр болон транзит системийг хэрхэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцоно.

Олон улсын автотээврийн холбоог Гаалийн байгууллага, дотоодын тээврийн компаниуд болон тээвэрлэгчидтэй холбон, ТИР системийг танин мэдүүлэх, түүний хэрэглээний нөхцлийг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэхүү сургалт семинар нь гурван улс хоорондын хил дамнасан тээвэрлэлтийг хөгжүүлэх бат бэх үндэс суурь нь болно.  ОУАТХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Претто хэлэхдээ “Азийн автозамын сүлжээг бэхжүүлсэнээр Монгол улсын худалдааны чадамж нь бүс нутгийн тогтвортой хөгжлийн чухал хэсэг болох юм. Хятад улс ТИР-г хэрэгжүүлсэнээр бүс нутгийн харилцаа улам сайжирч, олон улсын худалдаанд таатай нөлөө үзүүлэн, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ” гэжээ.


Хятад улс ТИР конвенцийн 70 дахь гэрээт тал болсон бөгөөд ОУАТХолбооны зүгээс ТИР системийг хэрэгжүүлэхэд Хятад улсын эрх бүхий байгууллагуудыг идэвхтэй дэмжин ажилллаж байна. Хятад улс ТИР системийг хэрэгжүүлж эхэлсэнээр Монгол, Орос, Хятад улс түүний үр ашгийг хүртэж эхэлнэ.

ТИР нь гаалийн лац, тээврийн хэрэгслийн ачааны хэсэг болон чингэлэгийг биечлэн шалгахаас бусдаар хамгийн бага ажиллах хүч, тоног төхөөрөмж шаарддаг, хилийн боомт дахь ачаалал болон дамжин өнгөрөх тээврийн хүлээлтийг багасгадаг систем юм. Ингэснээр тээврийн зардлыг хэмнэж, өрсөлдөх чадвар, хөгжил дэвшлийг нэмэгдүүлэх боломжтой болно. ТИР-н “single transit document” нь алдаатай мэдээллийг илгээх эрсдлийг багасгадаг бөгөөд зөвхөн эрх бүхий тээвэрлэгчид зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх боломжийг олгодог.