ADB болон CAREC хамтарсан сургалт

 “CAREC-ИЙН КОРИДОРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭМЖИХ, ХЯНАЛТ ТАВИХ” ТӨСЛИЙН СУРГАЛТ, СЕМИНАР

              Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CAREC) – аас “CAREC-ийн коридорын гүйцэтгэлийг хэмжих, хяналт тавих” төслийн сургалт, семинар 2017 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Казахстан улсын Алмата хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.

Тус сургалт, семинарт CAREC-ийн гишүүн  орнууд болох Афганистан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Узбекстан улсуудын автотээврийн холбоо, тээвэр зуучийн холбоо, логистикийн холбоо, ачаа тээврийн холбооны төлөөлөл бүхий нийт 18 хүн хамрагдсан болно.

Зураг: Сургалтанд оролцогчид. Алмата хот

Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос

Тээвэр хариуцсан мэргэжилтэн Ж. Аюуш

Сургалтын менежер Л. Сэрээтэр нар оролцсон.

Энэхүү сургалт, семинараар “CAREC-ийн коридорын гүйцэтгэлийг хэмжих, хяналт тавих” төсөл болон түүнд орж байгаа нэмэлт, өөрчлөлтүүд (CPMM+), худалдааг хөнгөвчлөх үзүүлэлт, холимог тээвэрт хэрхэн ашиглах талаарх ойлголтуудыг өгч холимог тээврийн үед хэрхэн бөглөх, CPMM+-ийг хэрхэн хэрэгжүүлэхийг жишээн дээр үзүүлж тайлбарласнаас гадна холбоод өөрийн санал,  байр сууриа илэрхийлж оролцсон.

Манай холбооны зүгээс удирдамжинд заасны дагуу CAREC-ийн 4a коридор дээр автотээврийн, 4в коридор дээр холимог тээврийн талаарх мэдээллийг цуглуулж өгөх боломжтойгоо илэрхийлсэн.

Нэмэлт, өөрчлөлт орж байгаа үзүүлэлтүүд (CPMM+)-ийг эцэслэн тусгаж холбоодод хүргүүлж 2018 оноос эхлэн уг загвараар мэдээлэл авч эхлэх, тухайн улсаас экспорт хийхэд ямар төрлийн зөвшөөрөл, баримт бичиг шаардагддаг, ямар хугацаа зарцуулдаг талаар судалгааг улиралд нэг удаа гаргаж өгдөг болохоор тогтсон байна.