Зөвшөөрлийн бичиг олгох журам
Монголын автотээвэрчдийн
нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирлын
2015 оны 15/29 дүгээр тушаалын хавсралт
УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл олгох, бүртгэх, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл олгоход Автотээврийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон эрх бүхий байгууллага, Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн холбооны бодлого, чиглэл, шийдвэрийг тус тус баримтална.
Хоёр. Нэр томьёо
2.1 Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1) “Зөвшөөрөл” гэж олон улсын хэлэлцээрийн дагуу ОХУ, БНКазУ, БНБелУ, БНКирУ, БНУкУ, БНТурУ, БНЛатУ-д ачаа болон зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг;
2) “Зөвшөөрөл олгогч” гэж гэрээний үндсэн дээр зөвшөөрлийн бичиг олгох эрх бүхий Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоог;
3) “Эрх бүхий байгууллага” гэж Автотээврийн талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт, зохицуулалт хийх чиг үүрэг бүхий байгууллага буюу Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийг;
4) “Тээвэрлэгч” гэж зөвшөөрлийн бичиг авах хүсэлт гаргасан, ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг.
Гурав. Зөвшөөрөл олгогчийн эрх
3.1 Зөвшөөрөл олгогч нь дараах эрх эдэлнэ:
3.1.1 хууль тогтоомж, гэрээ хэлэлцээр, дүрэм, журамд заасан нөхцөл, болзлын дагуу шаардлага хангасан бол гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох;
3.1.2 гэрээ, олгосон зөвшөөрлийн бичгийн хүрээнд тавьсан нөхцөл, шаардлагыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
3.1.3 үйлчилгээ үзүүлсний төлөө хураамж авах;
3.1.4 тавигдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, баримт бичгийн бүрдэлт дутуу, зөрчил гаргасан, илт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болон эрх бүхий байгууллагаас гомдол, шаардлага ирүүлсэн бол гэрээ байгуулах, зөвшөөрлийн бичиг олгохоос татгалзах.
Дөрөв. Зөвшөөрөл олгогчийн үүрэг
4.2 Зөвшөөрөл олгогч нь дараах үүрэг хүлээнэ:
4.2.1 автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон эрх бүхий холбогдох байгууллагаас гаргасан тушаал, шийдвэр, чиглэл, зөвлөмж, зааврыг мөрдлөг болгон ажиллах;
4.2.2 гэрээ байгуулах, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг олгохдоо холбогдох журам, дарааллыг хатуу чанд дагаж мөрдөх;
4.2.3 зөвшөөрлийн бичгийн нөөц, үлдэгдэл, шинээр нийлүүлэх тоо хэмжээний талаарх мэдээллийг сар бүрхолбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх;
4.2.4 дор дурьдсаны дагуу зайлшгүй, онцгой тохиолдолд хэрэглэх, ашиглах зөвшөөрлийн бичгийн нөөцтэй байна. Үүнд:
4.2.4.1 ОХУ-ын байнгын бус зорчигч тээврийн зөвшөөрөл 50 ширхэг, ачаа тээврийн зөвшөөрөл 50 ширхэг, гуравдагч орноос/руу тээвэр гүйцэтгэх зөвшөөрөл 20 ширхэг, бусад улсын зөвшөөрөл тус бүрийг 10 ширхэг байхаар нөөцлөнө.
4.2.5 тухайн оны 11 дүгээр сард зөвшөөрлийн зарцуулалтын явц, үлдэгдэл зэргийг тооцоолон, нөөцөлсөн зөвшөөрлийг хэрхэн олгох талаар холбооноос тусгайлан шийдэх;
4.2.6 хэрэв тухайн төрлийн зөвшөөрөл дуусч нөөцөөс ашиглах бол зөвхөн гүйцэтгэх захирлын цохолтоор олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
4.2.7 гэрээ, зөвшөөрлийн бичиг, түүний зарцуулалт, зөвшөөрлийн бичгийн серийн дугаарыг бүртгэх, тээвэрлэгч, тэдгээрийн тээврийн хэрэгсэл, зөрчлийн талаарх мэдээллийн сан хөтлөх;
4.2.8 гэрээний хэрэгжилт, зөвшөөрлийн бичгийн олголт, зарцуулалт, ашиглалтад хяналт тавих, тайлан,мэдээ гаргуулан авах;
4.2.9 тээвэрлэгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх.
Тав. Тээвэрлэгчийн эрх, үүрэг
5.1 Тээвэрлэгч дараах эрх, үүрэгтэй:
5.1.1 автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон эрх бүхий холбогдох байгууллагаас гаргасан тушаал, шийдвэр, чиглэл, зөвлөмж, заавар болон тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл олгох энэхүү журамд заасан шаардлагыг дагаж мөрдөх;
5.1.2 зөвшөөрөл олгогчийн зүй ёсны шаардлагыг хүлээн авч, сахин биелүүлэх;
5.1.3 зохих баримт бичгийг бүрдүүлж, зөвшөөрлийн бичиг авах хүсэлтийг журмын дагуу гаргаж, шийдвэрлүүлэх;
5.1.4 өөрийн эзэмшлийн, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх;
5.1.5 Холбооноос тухайн улсад тээвэр хийхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах;
5.1.6 Зөвшөөрлийн бичгийг хууль тогтоомж, энэ журамд зааснаас өөр зориулалтаар ашиглах, бусдад худалдах, ашиг олох зорилгоор дамлан борлуулах, барьцаалах, эдгээр оролдлого хийхийг завдах, санаархахыг хориглоно.
Зургаа. Зөвшөөрлийн бичгийн үнэ
6.1 Эрх бүхий байгууллагын шийдвэрээр зөвшөөрлийн бичгийн нэг бүрийн үнийг тогтооно.Зөвшөөрлийн бичгийн үнийг Улаанбаатар хотод дансаар, аймаг орон нутагт данс болон бэлнээр хүлээн авч баримт үйлдэнэ.
6.2 Зөвшөөрлийн бичгийг тээвэрлэгч хаяж үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болгосон, ашиглалтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нөхөн олгохгүй.
Долоо. Зөвшөөрлийн бичиг авах хүсэлт, түүнийг шийдвэрлэх
7.1 Зөвшөөрлийн бичиг авах тухай хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Зөвшөөрөл олгогчид бичгээр гаргана.
7.2 Зөвшөөрлийн бичиг авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
7.2.1 зөвшөөрлийн бичиг олгох тухай хүсэлт гаргагч иргэн бол өргөдөл, хуулийн этгээд бол албан бичгээр гаргасан байх;
7.2.2 өргөдөл болон албан бичигт аялалын зорилго, аль боомтоор хаана хүрэх, явах ирэх хугацаа, зорчих тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, тээвэрлэлт гүйцэтгэх жолооч, ээлжийн жолоочийн овог нэр зэргийг тодорхой бичих;
7.2.3 хэрэв байгууллага албан ажил /уулзалт, хурал ,семинар, уралдаан тэмцээн гэх мэт/-ын шугамаар явах бол хүлээн авагч талын урилга, зохиогдох арга хэмжээний хөтөлбөрийн хувийг, өөрийн эзэмшлийн бус зорчигч тээврийн хэрэгслээр явах тохиолдолд тээврийн хэрэгсэл эзэмшигчтэй байгуулсан гэрээний хувь зэргийг албан бичигт заавал хавсаргах;
7.2.4 тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;
7.2.5 тээвэрлэлт гүйцэтгэх жолоочийн жолооны үнэмлэх болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар;
7.2.6 Авто тээврийн эрх бүхий байгууллагатай байгуулсан жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх гэрээний хуулбар;
7.2.7 тээвэрлэлт гүйцэтгэх онцлогоос хамаарсан, шаардлагатай бусад баримт бичиг
7.3 Зөвшөөрлийн бичиг хүссэн хүсэлтийг хүлээн авах, баримт бичгийн бүрдлийг шалгах, шаардлага хангаагүй бол буцаана.
7.4 Хэрэв ахин зөвшөөрөл авах гэж байгаа бол өмнө олгосон зөвшөөрлийг зориулалтын дагуу ашигласан байдал, зөрчил гаргасан эсэхийг нягтлан шалгаж дараагийн зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэнэ.
7.5 Тээвэрлэгчийн буруутай үйлдлээс болж замын хөдөлгөөний ноцтой хэрэг, зөрчил гарсан, түүнчлэн үйлчлүүлэгч, холбогдох эрх бүхий байгууллагаас санал, гомдол ирүүлсэн бол зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй. Хэрэг, зөрчил, санал, гомдлын мөрөөр холбогдох байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулсны дагуу зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.
7.6 Зөвшөөрөл олгогч нь шаардлага бүрэн хангасан гэж үзвэл зохих зөвшөөрлийн бичгийг 1 цагийн дотор олгоно. Зөвшөөрлийн бичиг олгохдоо тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк, нэвтрэх боомт, хүрэх цэг, тээвэрлэлт хийх хугацаа, жолооч, ээлжийн жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр, хаягийг зохих хүснэгтэд үнэн зөв, цэвэр, гаргацтай бичиж гардуулна.
Найм. Тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичиг олгоход тавигдах шаардлага
8.1 Нийтлэг:
8.1.1 Тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангилалын мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан байх;
8.1.2 жолоооч нь олон улсын тээвэрлэлт гүйцэтгэхтэй холбогдсон тухайн улсын хууль тогтоомжийн талаар тодорхой мэдлэгтэй, өөрийн буруугаас болж замын хөдөлгөөний ноцтой хэрэг, зөрчил өмнө нь гаргаж байгаагүй байх;
8.1.3 тээврийн хэрэгсэл нь холбогдох стандартад нийцсэн, тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэг, оношлогоонд хамрагдаж тэнцсэн байх;
8.2 Зорчигч тээврийн зөвшөөрлийн бичиг олгоход:
8.2.1 зорчигч тээврийн хэрэгсэл нь аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийнх байх
8.2.2 холбогдох эрх бүхий байгууллагатай улс хоорондын жуулчин тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байх;
8.3 ачаа тээврийн бүх төрлийн зөвшөөрлийн бичиг олгоход:
8.3.1 тээвэрлэлт гүйцэтгэх тухайн улсын нийтлэг стандарт, дүрэм, тээвэрлэх ачааны онцлогт нийцсэн тээврийн хэрэгсэлтэй байх;
Ес. Хүлээх хариуцлага, үр дагавар
9.1 Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
9.2 Зөвшөөрлийн бичгийг бусдад худалдсан, ашиг олох зорилгоор дамлан борлуулсан, хаяж үрэгдүүлсэн, зөвшөөрлийн бичгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авахаар оролдсон, завдсан, зөвшөөрлийн бичигт засвар, өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах, гэм буруутайг тогтоолгох, хариуцлага хүлээлгэх үүргийг Зөвшөөрөл олгогч хүлээнэ.
9.3 Энэ журмын 5.1.6-д заасан тохиолдол нотлогдож, тээвэрлэгч нь хариуцлага хүлээхээр бол, эсхүл хүлээсэн бол зөвшөөрлийг 6 сарын хугацаанд олгохгүй бөгөөд тухайн тээвэрлэгчид зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагаас тусгайлан зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
Арав. Бусад зүйл
10.1 Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
—– оОо —–