2010 ОНЫ 325 ДУГААР ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Тусгай зөвшөөрлийн)

2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 325

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор, Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүчингүй болсонд тооцох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт, төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэх зөвшөөрлийн жагсаалтыг 2 дугаар хавсралт /ЗГ-ын 2013-12-21-ний 426-р тогтоолоор нэмэлт орсон/, барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2012-12-1-ний 151-р тогтоолоор 3-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан зөвшөөрөл олгох үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, яам, Засгийн газрын агентлагийн хариуцах зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл баримтлан ажиллахыг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан өмнө нь Засгийн газрын тогтоол болон сайдын тушаал, Засаг даргын захирамжаар баталж мөрдүүлсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

4. Хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, дүгнэлт гаргах, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авах болон эдгээр асуудлаар эрх зүйн акт гаргахгүй байх, хуульд заасан зөвшөөрлийг нарийвчлан зохицуулах нэрийн дор нэр төрөл, тоо хэмжээг нь нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг болгож, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд                                              М.ЭНХБОЛД

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны
325 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ХАРИУЦУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ

Зөвшөөрлийн нэр

1

 Нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

2

Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл

3

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж баталгаажуулах зөвшөөрөл

4

Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох зөвшөөрөл

5

Авто замын материал, туршилт шинжилгээний лаборантын мэргэжлийн үнэмлэх олгох зөвшөөрөл

6

Авто замын материал туршилт шинжилгээний лаборантын шинжилгээний дүгнэлт гаргах

7

Мэргэжлийн үнэмлэх /автогрейдерчин,  индүүчин/ олгох  зөвшөөрөл

8

Хүнсний үйлдвэрийн ажлын байранд дүгнэлт гаргах

9

Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

10

Авто тээврийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн гэрчилгээ олгох

11

Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох /ЗГ-ын 2013-12-21-ний 426-р тогтоолоор нэмсэн/