
ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД!!!
Тус холбооноос 2023.05.15-ны өдрөөс эхлэн ОХУ-ын хоёр талын/дамжин өнгөрөх ачаа тээврийн зөвшөөрлийн бичгийг тодорхой зохицуулалтын хүрээнд олгох тухай мэдээллийг Тээвэрчдэд урьдчилан хүргэсэн бөгөөд зарим хувиараа тээвэр эрхлэгч иргэд дунд мэдээллийг буруугаар ойлгон хувийнхаа тээврийн хэрэгслийг ямар ч хамаагүй аж ахуйн нэгжрүү шилжүүлбэл “Зөвшөөрлийн бичиг” олгох юм байна гэсэн ойлголтыг авсан байна. Үүнтэй холбогдуулан дараахи дэлгэрэнгүй тайлбарыг өгч байна.
Жилдээ 8000 ширхэг олгогддог ОХУ-ын хоёр талын/дамжин өнгөрөх ачаа тээврийн зөвшөөрлийн бичгийг тус холбооноос хилийн 8 боомтоор ямар нэгэн хязгаарлалт тавихгүйгээр олгодог байсан бөгөөд энэ он гарснаас хойш ачаа тээвэрлэлт эрс нэмэгдэж оны эхний 4 сарын байдлаар 3320 буюу нийт зөвшөөрлийн бичгийн 41,5%-ийг манай тээвэрчид авч ашигласан байна. Иймд он дуустал үлдсэн хугацаанд зөвшөөрлийг бичгийг хэрхэн олгох талаар тус холбооноос өнгөрсөн 3 дугаар сарын 15-ны 49 тоот, 05 дугаар сарын 02-ны 77 тоот албан бичгүүдээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас тодорхой чиглэл өгөхийг хүссэн боловч өнөөг хүртэл хариуг өгөөгүй тул он дуустал нэмэлт зөвшөөрлийн бичиг авах эсэх асуудал шийдэгдтэл түр хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийн 8.7-д заасныг баримтлан тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагад олгохоор болж байна. Гэхдээ хувиараа тээвэр эрхлэгч иргэдийн улс хоорондын тээвэр гүйцэтгэх боломжийг хаахгүй байх үүднээс ямар нэгэн тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагатай туслан гүйцэтгэгчийн эсвэл түрээсийн гэрээ байгуулсаныг үндэслэн дээр дурьдсан дүрэмд нийцүүлэн олгох юм.
Хувиараа тээвэр эрхлэгч иргэд та бүхэн бий болсон нөхцөл байдлыг зөвөөр ойлгон хамтран ажиллана гэдэгт найдаж байна.