АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Авто замын тухай хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, ашиглах, санхүүжүүлэх, хянах болон төр, зам ашиглагч байгууллага, иргэний хооронд энэ талаар үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Авто замын тухай хууль тогтоомж

2.1. Авто замын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “авто зам” гэж авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж сайжруулсан болон замын хөдөлгөөнд нээлттэй зурвас газрыг;

3.1.2. “зорчих хэсэг” гэж авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсгийг.

3.1.3. “замын хөвөө” гэж зорчих хэсгийн хоёр хажуугийн зурвас газрыг;

3.1.4. “замын байгууламж” гэж модон ба төмөр, төмөр бетон, чулуун бусад гүүр, тавилан, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжийг;

3.1.5. “авто замын зурвас газар” гэж авто зам, замын байгууламж байрлаж байгаа болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий газрыг;

3.1.6. “хяналт тавих зурвас газар” гэж авто замын зурвас газар болон жолооч нарын үзэгдэх орчин, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх газрыг;

3.1.7. “олон улсын чанартай авто зам” гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр улс хооронд авто тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрсөн авто замыг;

3.1.8. “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг;

3.1.9. “орон нутгийн чанартай авто зам” гэж нийслэл, аймгийн нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг, хот, суурин газрыг хооронд нь холбосон авто замыг;

3.1.10. “аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам” гэж аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэр дэх 3 дугаар зүйлийн 3.1-ийн 7,8,9-д зааснаас бусад авто замыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
 Авто замын талаархи төрийн байгууллагуудын бүрэн эрх

 4 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

4.1. Засгийн газар авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1. Монгол Улсын авто замыг хөгжүүлэх болон шинжлэх ухаан, техник, технологийн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

4.1.2. салбарын хэтийн болон жилийн төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт нийцүүлэн боловсруулах;

4.1.3.авто замын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

4.1.4.авто зам, замын байгууламжийг Засгийн газрын шугамаар авах гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барих, засварлах талаар эрх бүхий байгууллага, хөрөнгө оруулагчийн хооронд байгуулах гэрээний төслийг хянаж, зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх;

4.1.5.авто замын улсын хяналтын дүрмийг батлах;

4.1.6.авто замын сангийн хөрөнгийн хуваарийг батлах, сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих.

 5 дугаар зүйл. Авто замын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын бүрэн эрх

5.1. Төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.авто замыг хөгжүүлэх болон шинжлэх ухаан, техник, технологийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

5.1.2.авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

5.1.3. авто замын сүлжээн дэх олон улсын болон улсын чанартай замын жагсаалт /замын чиглэл, урт/-ыг батлах;

5.1.4. авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийг олгох буюу тусгай зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн зохих байгууллагад шилжүүлэх. Тусгай зөвшөөрөл олгох журмыг батлах;

5.1.5. иргэн, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчилж хамгаалахтай холбогдсон техникийн дүрэм, норм, техник, технологийн зааврыг батлах;

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.1.6./Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 6 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

6.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. авто замын сүлжээг хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулан тухайн орон нутгийн авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчилж хамгаалах бодлого боловсруулж төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.2. нутаг дэвсгэртээ авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төрийн захиргааны төв байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

6.1.3. тухайн нутаг дахь авто зам түүний засвар, арчлалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих;

6.1.4. орон нутгийн чанартай авто замын санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих;

6.1.5. олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын талаар нутаг дэвсгэртээ орших байгууллага, иргэнд үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;

6.1.6. гамшиг, аюулт үзэгдэл болон аюулын улмаас авто зам, замын байгууламжид эвдрэл, саатал гарч түргэн засварлах зайлшгүй шаардлага гарсан үед нутаг дэвсгэртээ байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг нөхөн олговортойгоор гаргуулах ажлыг зохион байгуулах, хүн хүчний туслалцаа үзүүлэх.

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2.Нийслэлийн авто замын газрын даргыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.3.Нийслэлийн авто замын газрын даргыг авто зам, тээврийн болон эдийн засгийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

 7 дугаар зүйл.Авто зам, замын байгууламжид тавих

улсын /төрийн/ хяналт

7.1. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын /төрийн/ хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга, авто замын бусад өмчлөгч, Авто замын засвар, арчлалтын байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ дагуу хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 8 дугаар зүйл. Авто замын улсын байцаагчийн эрх, үүрэг

8.1. Авто замын улсын хяналтыг авто замын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2. Авто замын улсын байцаагч нь дараахь эрх, үүрэгтэй:

8.2.1. Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

8.2.2. авто замын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдийг хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх;

8.2.3. тодорхой ангиллын авто замын техникийн шаардлагад нийцэхгүй байгаа тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд оролцохыг хориглох;

8.2.4. авто замын тухай хууль тогтоомж, стандарт, бусад эрх зүйн актын шаардлагыг хэрэгжүүлээгүй этгээдэд хууль тогтоомжид заасан журмын дагуу захиргааны хариуцлага ногдуулах;

8.2.5. авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, ашиглахтай холбогдсон дүрэм, журам, норм, технологи, стандартын хэрэгжилтийг шалгах;

8.2.6. шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар холбогдох албан тушаалтан, иргэнд шаардлага тавих;

8.2.7. авто зам, замын байгууламжаар зорчих авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал зөрчигдөх, авто зам, замын байгууламжид эвдрэл гэмтэл гаргах нөхцөл бий болсон үед тухайн авто замын ашиглалтыг түр зогсоож холбогдох байгууллагад мэдэгдэх;

8.2.8. замын цагдаа бусад байгууллага, албан тушаалтантай авто замын барилга, засвар, арчлалт, хамгаалалт, ашиглалтын талаар хамтран ажиллах;

8.2.9. иргэн, хуулийн этгээд авто замын тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих;

8.2.10. энэхүү хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрийн хүрээнд авах;

8.2.11. авто замын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах;

8.2.12. авто замын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс гарсан хохирлын хэмжээг тогтоох, хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах;

8.2.13. авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтэл, зам тээврийн ослын шалтгааныг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, шаардлагатай нөхцөлд мэргэжлийн дүгнэлт гаргах.

8.3. Авто замын улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн үүрэг, тавьсан шаардлагыг холбогдох аж ахуйн нэгж , байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.

8.4. Авто замын улсын байцаагч нь дүрэмт хувцас, албан үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгсэл хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/

8.5. Авто замын улсын байцаагч нь тээврийн хэрэгслийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.

 9 дүгээр зүйл. Авто зам, замын байгууламжийг хаах

9.1. Авто зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал бий болж, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, түүнчлэн засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно.

9.2. Авто зам, замын байгууламжийг хаах, авто замын сүлжээ, чиглэлийг өөрчлөхтэй холбогдсон журмыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ

10 дугаар зүйл, Авто замын сүлжээ

10.1. Авто замын сүлжээ нь олон улсын , улсын, орон нутгийн чанартай авто замуудаас бүрдэнэ.

11 дүгээр зүйл. Авто замын ангилал

11.1. Авто замыг дор дурдсанаар ангилна:

11.1.1. олон улсын чанартай авто зам;

11.1.2. улсын чанартай авто зам;

11.1.3. орон нутгийн чанартай авто зам;

11.1.4. аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам.

11.2. Авто замыг тодорхой ангилалд хамааруулах, нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл. Авто замын бүрэлдэхүүн

12.1. Авто зам нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ:

12.1.1. зорчих хэсэг;

12.1.2. замын хөвөө;

12.1.3. замын байгууламж;

12.1.4. авто замын зурвас газар;

12.1.5. хяналт тавих зурвас;

12.2. Олон улс, улсын чанартай авто замын зурвас газрын өргөн 100 метр, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр байна.

12.3. Тухайн авто замын байгууламжийн болон газар нутгийн онцлогоос шалтгаалан олон улс, улсын чанартай замын хяналт тавих зурвас газрын өргөнийг, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутаг, аж ахуйн дотоодын авто замын хяналт тавих зурвасын өргөнийг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ  
Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалахад тавих ерөнхий шаардлага

13 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах,

арчлан хамгаалахад тавих шаардлага

13.1. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүнээс эрх олгосон мэргэжлийн байгууллага олгоно.

13.2. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд зохих журмын дагуу гэрээ байгуулж гүйцэтгэнэ.

13.3. Авто зам, замын байгууламжийг шинээр барихад авто зам, замын байгууламжийг барих тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд тендер /төсөл сонгон шалгаруулалт/-т оролцож шалгарсан тохиолдолд захиалагч байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэнэ.

13.4. Иргэн, хуулийн этгээд авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалахдаа хууль тогтоомж, эрх зүйн акт, стандарт, техник технологи, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

13.5. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр авто зам, замын байгууламжийг барих, засварлахаар хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.

13.6. Олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг барих, засвар, арчлалт хийх, хамгаалах ажлыг улсын болон орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр, бусад хөрөнгийн эх үүсвэрээр, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам, замын байгууламжийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13.7.Шинээр авто зам, замын байгууламжийг барих зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах, илэрсэн дурсгалыг авран хамгаалах үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.8.Замын байгууламжийг барих тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн барилга байгууламжид Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл авна.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

 14 дүгээр зүйл. Авто зам, замын байгууламжийн эзэмшигч,

өмчлөгч, түүний эрх, үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.1.Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь /цаашид ”авто замын эзэмшигч” гэх/ авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2. Авто замын эзэмшигч, өмчлөгч нь дараахь эрх, үүрэгтэй байна:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.2.1. авто замыг хөгжүүлэх болон шинжлэх ухаан, техник технологийн талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

14.2.2. тодорхой авто зам, замын байгууламжийг барьж байгуулах тооцоо, судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хайгуул, зураг, төсөв хийлгэх, батлах;

14.2.3. авто зам, замын байгууламжийг барьж байгуулах засвар, арчлалт хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны үндсэн дээр ажил зохион байгуулах, техникийн хяналт хийх, гүйцэтгэлийг санхүүжүүлэх;

14.2.4. авто зам, замын байгууламжийг ашиглалтад хүлээн авч тайлан бүртгэлдээ тусган арчлан хамгаалагчийг тогтоох;

14.2.5. авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, баяжуулах;

14.2.6. авто зам, замын байгууламжийг зохих журмын дагуу түрээслүүлэх, хаах, акталж бүртгэлээс хасах;

14.2.7. авто зам, замын байгууламжийг сайн дурын үндсэн дээр даатгуулах.

 15 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийн засвар,

арчлалт, хамгаалалт хариуцсан

байгууллагын үүрэг

15.1. Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллага дараахь үүрэгтэй байна:

15.1.1. авто тээврийн хэрэгсэл саадгүй, аюул осолгүй зорчиход авто зам, замын байгууламжийг бэлэн байлгах;

15.1.2. авто зам, замын байгууламжийн бүртгэл хөтөлж, түүнд баяжилт хийж мэдээллийн сан байгуулах;

15.1.3. авто зам, замын байгууламжид тогтоосон журам, технологийн зааврын дагуу үзлэг явуулж, засвар, арчлалтыг тогтмол хийх;

15.1.4. авто замын зурвас болон хяналт тавих зурвас газрыг хүрээлэн байгаа орчинтой уялдуулан тохижуулах, хамгаалах;

15.1.5. авто зам, замын байгууламжийн ашиглалтын талаархи мэдээллийг мэдээллийн санд тухай бүр хүргүүлж байх;

15.1.6. авто зам, замын байгууламжаар зайлшгүй тохиолдолд даац хэтэрсэн, зөвшөөрөгдсөнөөс илүү овор, хэмжээтэй буюу тусгай хамгаалалтгүйгээр гинжит дугуйтай тээврийн хэрэгслээр зорчих зөвшөөрөл олгох.

 16 дугаар зүйл. Авто замын бүртгэл, мэдээллийн сан

16.1. Авто замын бүртгэл, мэдээллийн сан нь авто зам, замын байгууламжтай холбоотой дараахь мэдээллээс бүрдэнэ:

16.1.1. техникийн болон ашиглалтын үзүүлэлтүүд;

16.1.2. ашиглалтад орсон он, сар, өдөр;

16.1.3. хүчин чадал, зэрэглэл, төлөв байдал;

16.1.4. төсөвт өртөг;

16.1.5. тухайн авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл, зам тээврийн ослын мэдээ;

16.1.6. бусад.

16.2. Авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн санг аймаг, нийслэл дэх авто замын засвар, арчлалтыг хариуцсан байгууллага эрхлэн хөтөлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд жил тутам тогтоосон хугацаанд өгнө.

 17 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийг

ашиглагч иргэн, хуулийн этгээдийн

эрх, үүрэг, хориглох зүйл

17.1. Иргэн, хуулийн этгээд тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл харгалзахгүйгээр авто зам, замын байгууламжийг ашиглах эрхтэй.

17.2. Авто зам, замын байгууламжийг ашиглагч нь дараахь эрх, үүрэгтэй:

17.2.1. хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд авто зам, замын байгууламжийг үнэ төлбөргүйгээр ашиглах;

17.2.2. авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шаардлага тавих;

17.2.3. авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллагын буруугаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах;

17.2.4. авто зам, замын байгууламжид бий болсон, ноцтой хор хохирол учруулж болох эвдрэл, зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх.

17.3. Авто зам, замын байгууламжийг ашиглагчид дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

17.3.1. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авто замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас газарт авто зам,замын байгууламж барих, засварлах ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчдод осол аюул бүхий үйл ажиллагаа;

17.3.2. авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газар дээр хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях, байрлуулах, овоолох;

17.3.3. авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа ;

17.3.4. тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр авто замаар зорчих;

17.3.5. авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээх.

ТАВДУГААР БҮЛЭГ
АВТО ЗАМЫН САН

 18 дугаар зүйл. Авто замын сан, түүний зориулалт

18.1. Улсын авто замын сан нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын орон нутгийн авто замын сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд байна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2. Улсын авто замын сангийн хөрөнгө нь улсын төсвийн, орон нутгийн авто замын сангийн хөрөнгө нь аймаг, нийслэлийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд түүнийг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах ажиллагааг тухайн төсвийн нэгэн адил журмаар хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.3. Авто замын сүлжээг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, авто замын тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналт тавихад шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн авто замын сангаас санхүүжүүлнэ.

18.4. Улсын авто замын санг олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах, замын үйлдвэрлэлийн баазыг хөгжүүлэх, мэргэжлийн хяналт тавихтай холбогдон гарах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

18.5. Орон нутгийн авто замын санг тухайн аймаг, нийслэлийн

орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах, мэргэжлийн хяналт тавихтай холбогдон гарах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

18.6. Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар батална.

 19 дүгээр зүйл. Улсын авто замын сангийн эх үүсвэр

19.1.Улсын авто замын сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

19.1.1. авто бензин, дизелийн түлшний албан татвар;

19.1.2. авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

19.1.3. хууль тогтоомжид заасны дагуу авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах төлбөр;

19.1.4. энэ хуулийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль;

19.1.5. зээл, тусламж, хандивын орлого;

19.1.6. улсын төсвөөс олгосон хөрөнгө;

19.1.7. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын авто тээврийн хэрэгслээс авах хураамж;

19.1.8. бусад.

 20 дугаар зүйл. Орон нутгийн авто замын сангийн эх үүсвэр

20.1.Орон нутгийн авто замын сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

20.1.1. авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

20.1.2. хууль тогтоомжид заасны дагуу орон нутгийн зам ашигласны төлбөр;

20.1.3. улсын болон орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;

20.1.4. энэ хуулийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн тодорхой хувь, хэмжээ;

20.1.5. зээл, тусламж, хандивын орлого.

20.2. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас орон нутгийн замын санд үлдээх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.

 21 дугаар зүйл. Авто зам ашигласны төлбөр

21.1. Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг Засгийн газар, орон нутгийн чанартай болон аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.

21.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт тээвэр хийж байгаа гадаадын иргэн, байгууллага, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Засгийн газраас гаргасан журмын дагуу зам ашигласны төлбөрийг төлнө.

21.3. Энэ хуулийн 21.1-д заасан зам, замын байгууламжаар зорчиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтын тээврийн хэрэгслийг зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

 22 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

22.1. Олон улсын болон улсын чанартай авто замын ашиглалтаас үүссэн маргааныг төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

22.2. Орон нутгийн чанартай болон аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын ашиглалтаас үүссэн маргааныг сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

22.3. Энэ зүйлийн 1, 2-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн талаар гомдлоо шүүхэд гаргаж болно.

 23 дугаар зүйл. Авто замын тухай хууль тогтоомж

зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

23.1. Авто замын тухай хууль тогтоомж зөрчиж бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

23.2. Авто замын ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хохирол учирсан болохыг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто замын арчлалт, хамгаалалт хариуцсан авто замын байгууллага уг хохирлыг хариуцан төлнө.

23.3. Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол авто замын улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

23.3.1. Замыг эвдэж, гэмтээсэн гэм буруутай иргэнийг 5000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

23.3.2. Авто замын улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай иргэнийг 15000-50000 хүртэл, албан тушаалтныг 20000-50000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000 -250000 хүртэл төгрөгөөр торгох;

23.3.3. энэ хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1,2,3,4,5-д заасан зөрчил гаргасан иргэнийг 50000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох;

23.3.4. авто зам, замын байгууламжийг зориудаар эвдэж ашиглах боломжгүй болгосон, гэм буруутай иргэнийг 30000-50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 хүртэл төгрөгөөр торгох.

23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

24.1. Энэ хуулийг 1998 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ