ИРГЭНИЙ ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ИРГЭНИЙ ХУУЛЬ
———
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Тээвэрлэлт
380 дугаар зүйл. Тээвэрлэлтийн гэрээ
380.1.Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
380.2.Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно.
381 дүгээр зүйл. Гэрээ байгуулах
381.1.Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй.
382 дугаар зүйл. Зорчигч тээвэрлэлт
382.1.Зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ.
382.2.Зорчих пайз, тасалбарыг бусдад дамжуулахаар буюу үл дамжуулахаар үйлдэж болох бөгөөд бусдад дамжуулах боломж тээвэрлэлт эхлэхэд дуусна.
383 дугаар зүйл. Гэрээг цуцлах
383.1.Гэрээнд ямар нэгэн байдлаар саатал учруулахааргүй бол зорчигч нь тээвэрлэлтийн гэрээг хэдийд ч цуцалж болох бөгөөд гэрээг цуцалснаас үүссэн хохирлыг тээвэрлэгчид төлөх үүрэгтэй.
383.2.Урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд мэдсэн тохиолдолд гэрээг хийхгүй байх шалтгаан болохоор нөхцөл байдал тээвэрлэгчийн зүгээс илэрсэн, түүнчлэн гэрээнд заасан газарт хүрч очих болон замд явах хугацаа хожимдох магадлал байгаа тохиолдолд зорчигч гэрээ байгуулахаас татгалзаж болно. Энэ тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэхгүй.
384 дүгээр зүйл. Тээвэрлэгчийн хүлээх хариуцлага
384.1.Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ.
384.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл зорчигчийн буруугаас буюу түүний авч явсан зүйлээс шалтгаалж гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.
384.3.Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн жолооч болон бусад ажилтнуудын үйл ажиллагааны дутагдал, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, эд материалын доголдол, дутагдал зэргээс зорчигчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
384.4.Тээвэрлэгчийн шууд санаатай буюу хэт болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалаагүй болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэрлэгч нь хугацаа хожимдсоноос учирсан хохирлыг хариуцахгүй.
384.5.Тээвэрлэгчийн хариуцлагыг гэрээгээр хязгаарлах буюу чөлөөлж болохгүй.
385 дугаар зүйл. Зорчигчийн хүлээх хариуцлага
385.1.Зорчигч нь өөрийн буруутай үйл ажиллагаа, түүнчлэн авч яваа ачаа, тээш болон бусад эд хөрөнгөөс шалтгаалж тээвэрлэгчид учирсан хохирлыг хариуцна.
385.2.Зорчигч нь ачаа тээвэрлэлтийн явцад баримтлах хадгалалт, тээвэрлэлтийн бүхий л нөхцөл, журмыг чанд баримталсан бол хохирлыг хариуцахгүй.
386 дугаар зүйл. Ачаа тээвэрлэлтийн гэрээ
386.1.Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.
386.2.Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө.
386.3.Ачааг хэд хэдэн тээврийн хэрэгслээр, эсхүл өөр өөр төрөл буюу тодорхой хэсэгт хувааж тээвэрлэхээр бол тээвэрлэгч, ачаа илгээгч талууд ачааны төрөл, тээврийн хэрэгслийн тоогоор дагалдах бичиг үйлдэхийг шаардах эрхтэй.
386.4.Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна.
387 дугаар зүйл. Дагалдах бичгийн агуулга
387.1.Дагалдах бичигт дараахь зүйлийг тусгасан байна:
387.1.1.дагалдах бичиг үйлдсэн газар, он, сар, өдөр;
387.1.2.ачаа илгээгчийн нэр, хаяг;
387.1.3.тээвэрлэгчийн нэр, хаяг;
387.1.4.ачааг тээвэрлэгчид шилжүүлэх он, сар, өдөр, газар болон хүргэх газар;
387.1.5.хүлээн авагчийн нэр, хаяг;
387.1.6.ачааны болон сав, баглаа, боодлын ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээ;
387.1.7.тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар;
387.1.8.ачааны жин буюу хэмжээний талаархи бусад тэмдэглэл;
387.1.9.тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/;
387.1.10.хуульд заасан бусад нөхцөл.
387.2.Шаардлагатай гэж үзвэл талууд дагалдах бичигт дараахь зүйлийг тусгаж болно:
387.2.1.ачааг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэх, ачихыг хориглосон заалт;
387.2.2.тээвэрлүүлэгч хариуцах зардал;
387.2.3.ачаа илгээх үед төлөх нэмэгдэл үнийн хэмжээ;
387.2.4.ачааны өртөг, түүнийг дурдсан газарт хүргэх онцгой сонирхол;
387.2.5.тээвэрлүүлэгчээс ачааг даатгуулах тухай тээвэрлэгчид өгсөн заалт;
387.2.6.тээвэрлэлтийг дуусгахаар тохиролцсон хугацаа;
387.2.7.тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн баримт бичгийн жагсаалт.
388 дугаар зүйл. Тээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгөх
388.1.Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа дараахь зүйлийг шалгах үүрэгтэй:
388.1.1.дагалдах бичигт заасан ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэх;
388.1.2.ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол.
388.2.Тээвэрлэгч энэ хуулийн 388.1.1-д заасан үүргээ гүйцэтгэх бололцоогүй бол энэ тухай болон ачааны гадаад байдал, сав, баглаа, боодлын талаар дагалдах бичигт тэмдэглэнэ.
388.3.Ачаа илгээгч нь ачааны жин болон бусад хэмжигдэхүүнээр тэмдэглэсэн түүний тоо, хэмжээ, түүнчлэн тээвэрлэх ачааны бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгаж, дагалдах бичигт тэмдэглэхийг тээвэрлэгчээс шаардаж болох бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тээвэрлэгч хариуцна.
388.4.Тээвэрлэгч нь ачааг хүлээн авсан болон гэрээний агуулга эсрэгээр нотлогдох хүртэл дагалдах бичгийг гэрээ байгуулсны нотолгоо гэж үзнэ.
388.5.Ачааны дагалдах бичигт энэ хуулийн 388.2-д заасан тэмдэглэл хийгээгүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачааг хүлээн авахад түүний сав, баглаа боодлын гадаад байдал доголдолгүй, ачааны тоо хэмжээ, тэмдэг дугаар дагалдах бичигт заасантай тохирч байна гэж үзнэ.
388.6.Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав, баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна.
388.7.Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.
388.8.Тээвэрлэгч энэ хуулийн 388.7-д заасан баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй.
388.9.Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна.
388.10.Дагалдах бичигт хавсаргасан буюу өөрөө хүлээн авсан баримт бичгийг үрэгдүүлсэн, буруугаар ашигласны хариуцлагыг тээвэрлэгч хүлээнэ. Гэхдээ хариуцлагын хэмжээ нь ачааг үрэгдүүлснээс үүсэх хариуцлагаас ихгүй байна.
389 дүгээр зүйл. Ачааг захиран зарцуулах эрх
389.1.Ачаа илгээгч нь дагалдах бичигт дурдсанаас өөр газар буюу өөр этгээдэд ачааг хүргүүлэхгүй байх зорилгоор ачааг захиран зарцуулах, тээвэрлэлтийг зогсоох эрхтэй.
389.2.Тээвэрлэгч дагалдах бичгийн 2 дахь хувийг ачаа хүлээн авагчид өгснөөр ачаа илгээгчийн энэ хуулийн 389.1-д заасан эрх дуусгавар болох бөгөөд энэ үеэс тээвэрлэгч нь ачаа хүлээн авагчийн зааврыг биелүүлнэ.
389.3.Ачаа илгээгч нь дагалдах бичигт тусгай тэмдэглэл хийгээгүй бол ачаа хүлээн авагч нь дагалдах бичгийг хүлээн авсан үеэс эхлэн уг ачааг захиран зарцуулах эрхтэй болно.
389.4.Ачаа хүлээн авагч нь уг ачааг гуравдагч этгээдэд хүргүүлэхээр тээвэрлэгчид үүрэг хүлээлгэсэн бол гуравдагч этгээд нь ачаа хүлээн авагч өөр этгээдийг нэрлэх эрхгүй.
389.5.Ачааг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэхэд дараахь журмыг баримтална:
389.5.1.ачаа илгээгч, эсхүл ачааг захиран зарцуулах эрхтэй хүлээн авагч нь тээвэрлэгчид өгсөн шинэ зааврыг тусгасан дагалдах бичгийн эхний хувийг тээвэрлэгчид өгч, эдгээр зааврыг гүйцэтгэсний дараа түүнд учирсан зардал, хохирлыг нөхөн төлнө;
389.5.2.тээвэрлэгчид өгөх шинэ заавар нь хүлээн авмагц биелэгдэх боломжтой, тээвэрлэгчийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа болон ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн бусад ачаанд саад, гэм хор учруулахааргүй байвал зохино;
389.5.3.ачааг задлан хуваах заавар өгч болохгүй.
389.6.Ачааг задлан хуваах тухай заавраас болж түүнд өгсөн бусад зааврыг биелүүлэх боломжгүй бол тээвэрлэгч нь энэ тухайгаа заавар өгөгчид нэн даруй мэдэгдэнэ.
389.7.Тээвэрлэгч нь энэ зүйлд заасан журмын дагуу өгсөн зааврыг биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 389.5.1-д заасан дагалдах бичгийн эхний хувийг шаардалгүй эдгээр зааврыг гүйцэтгэснээс үүссэн гэм хорыг эрх бүхий этгээдийн өмнө хариуцна.
390 дүгээр зүйл. Хүлээн авагчид ачааг хүлээлгэн өгөх
390.1.Ачааг зохих газарт хүргэж, хүлээлгэн өгөх үед хүлээн авагч нь ачааг хүлээн авсны баталгаа болгож тээвэрлэгчээс дагалдах бичгийн 2 дахь хувийг шаардан авах эрхтэй.
390.2.Ачаа алдагдсан, дутсан буюу тохиролцсон хугацаандаа ирээгүй тохиолдолд ачаа хүлээн авагч нь гэрээнд заасан эрхийнхээ дагуу өөрийн нэрийн өмнөөс шаардлага гаргах эрхтэй.
390.3.Ачаа хүлээн авагч энэ хуулийн 390.2-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ дагалдах бичгийн дагуу гарсан бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар маргаан гарсан тохиолдолд тээвэрлэгч өөрийн шаардлагыг хангах хүртэл ачааг хүлээн авагчид шилжүүлэхээс татгалзаж болно.
391 дүгээр зүйл. Тээвэрлэлтийг гэрээнд зааснаар гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал
391.1.Ачааг зохих газарт нь хүргэх, хүлээлгэн өгөхөөс өмнө тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичигт заасан нөхцөлөөр, эсхүл бүхэлд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тээвэрлэгч нь энэ хуулийн 389 дүгээр зүйлд заасны дагуу ачааг захиран зарцуулах эрхийг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.
391.2.Нөхцөл байдал нь дагалдах бичигт зааснаас өөрөөр тээвэрлэхэд хүргэж, тээвэрлэгч нь эрх бүхий этгээдээс энэ хуулийн 389 дүгээр зүйлд заасан шинэ зааврыг зохих хугацаанд авч чадаагүй тохиолдолд тэрээр эрх бүхий этгээдийн ашиг сонирхолд илүү нийцэх арга хэмжээг авах үүрэгтэй.
391.3.Түргэн муудах ачаа, эсхүл ачааны нөхцөл байдал зайлшгүй шаардсан буюу хадгалалтын зардал нь ачааны өртгөөс давахаар бол тээвэрлэгч нь эрх бүхий этгээдийн зааврыг хүлээлгүйгээр ачааг худалдах шийдвэр гаргаж болно.
391.4.Ачааг энэ хуулийн 391.3-т заасны дагуу худалдсанаас олсон орлогоос ачаатай холбогдон гарах зардлыг хасаж, үлдсэнийг нь эрх бүхий этгээдэд шилжүүлнэ. Ачаатай холбогдон гарах зардал ачааг худалдсан орлогоос давсан тохиолдолд тээвэрлэгч зөрүүг нөхөн төлүүлэхээр шаардаж болно.
391.5.Ачааг зохих газарт хүргэсний дараа түүнийг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсвэл тээвэрлэгч нь ачаа илгээгчээс зааварчилгаа шаардах эрхтэй.
391.6.Ачаа хүлээн авагч нь ачааг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ачаа илгээгчээс өөр заавар өгөөгүй бол тээвэрлэгч нь ачааг хүлээн авахыг шаардаж болно.
391.7.Ачаа хүлээн авагч нь энэ хуулийн 389.4-т заасны дагуу ачааг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх заавар өгснөөс хойш ачааг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсч, энэ хуулийн 391.1, 391.2-т заасныг хэрэглэхэд хүлээн авагч нь ачаа илгээгчийн, 3 дахь этгээд нь хүлээн авагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
391.8.Энэ хуулийн 391.1, 391.3, 391.5-391.7-д заасан тохиолдолд тээвэрлэгч эрх бүхий этгээдийн зардлаар ачааг буулгаж болно. Энэ тохиолдолд тээвэрлэлтийг дууссанд тооцож тээвэрлэгч ачааг хадгалах буюу уг үүргийг гуравдагч этгээдэд даалгаж болно.
392 дугаар зүйл. Ачаа барьцаалах тээвэрлэгчийн эрх
392.1.Тээвэрлэлтийн зардлыг төлүүлэхийн тулд тээвэрлэгч нь ачааг захиран зарцуулах эрх үүсэх хүртэл ачааг барьцаалах эрхтэй.
393 дугаар зүйл. Тээвэрлэгчийн хариуцлага
393.1.Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.
393.2.Эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгыг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.
393.3.Тээвэрлэгч өөрийн буруугаас хохирол учруулсан бол түүний хүлээх хариуцлагыг хязгаарласан буюу нотлох үүргээс чөлөөлсөн энэ бүлэгт заасан журам хамаарахгүй.
393.4.Дараахь нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө:
393.4.1.талууд шууд тохиролцон, дагалдах бичигт тэмдэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан;
393.4.2.ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан;
393.4.3.ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан;
393.4.4.тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн буюу бүрэн гэмтэх аюул байсан;
393.4.5.тээвэрлэх ачааны дугаар буюу тэмдэглэл шаардлага хангаагүй байсан;
393.4.6.амьтан тээвэрлэсэн.
393.5.Энэ хуулийн 393.4-т заасан нөхцөл байдал байсан боловч гэм хор учирсан шалтгаан нь дээрхээс өөр бол гэм хорыг тээвэрлэгч хариуцна.
393.6.Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө.
393.7.Энэ хуулийн 393.4.1-д заасан тохиолдолд давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн бол энэ хуулийн 393.6 хамаарахгүй.
393.8.Энэ хуулийн 384.3-т заасан журам ачаа тээвэрлэгчид нэгэн адил хамаарна.
394 дүгээр зүйл. Гомдлын шаардлага гаргах
394.1.Ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, эсхүл алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно.
394.2.Ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаархи шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр тээвэрлэгчид гаргана.
394.3.Ачаа хүлээн авагч, тээвэрлэгч талууд ачааны байдлыг хамтран шалгасан боловч нуугдмал дутагдал, гэмтлийг тухайн үед илрүүлж чадаагүй бол ажлын 7 хоногийн дотор шалгасан үр дүнгийн талаар эсрэг нотолгоо гаргаж болно.
394.4.Ачаа хүлээн авагч хугацаа хэтэрсэнтэй холбоотой шаардлагаа ачаа хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор тээвэрлэгчид бичгээр гаргасан тохиолдолд хугацаа хэтэрснээс үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.
394.5.Энэ зүйлд заасан хугацааг тоолохдоо ачаа илгээсэн, шалгасан буюу хүлээлгэж өгсөн өдрийг оролцуулан тооцохгүй.
394.6.Тээвэрлэгч, ачаа хүлээн авагч талууд шаардлагатай шалгалт хийх, зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлүүдийг тогтооход бие биедээ харилцан туслах үүрэгтэй.
395 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа
395.1.Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
395.2.Дор дурдсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно:
395.2.1.ачаа алдагдсан, гэмтсэн өдрөөс буюу энэ тухай мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс, эсхүл хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн бол ачааг хүлээн авах байсан өдрөөс;
395.2.2.ачааны зарим хэсэг алдагдсан тохиолдолд тээвэрлэлтийн гэрээгээр тохирсон ачааг хүлээлгэн өгөх хугацаа дууссанаас хойш 30 дахь өдрөөс, ийм хугацаа товлоогүй бол тээвэрлэгч ачаа хүлээн авснаас хойш 60 дахь өдрөөс;
395.2.3.бусад тохиолдолд гомдлын шаардлагын хариуг авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс.
396 дугаар зүйл. Дамжуулан гүйцэтгэх тээвэрлэлт
396.1.Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болно.
396.2.Өмнөх тээвэрлэгчээс ачааг хүлээн авсан тээвэрлэгч түүнийг хүлээн авсан он, сар, өдрийг тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийг өмнөх тээвэрлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд дагалдах бичгийн 2 дахь хувь дээр өөрийн нэр, хаягийг заана.
396.3.Шаардлагатай тохиолдолд ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч нь энэ хуулийн 388.2-т заасан тэмдэглэл болон ачаа хүлээн авсныг гэрчлэх тэмдэглэлийг дагалдах бичгийн 2 дахь хувь дээр тусгаж болно.
396.4.Ачаа дамжуулан тээвэрлэхэд ачааг хүлээлгэн өгч байгаа болон хүлээн авч байгаа тээвэрлэгчдэд энэ хуулийн 388.4, 388.5 нэгэн адил хамаарна.
396.5.Ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу хугацаа хэтэрснээс үүсэх гэм хорыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гагцхүү эхний болон эцсийн тээвэрлэгчид, эсхүл ачаа үрэгдүүлж, гэмтээсэн буюу хугацаа хэтрүүлсэн тээвэрлэгчид гаргаж болох бөгөөд нэг шаардлагыг хэд хэдэн тээвэрлэгчид гаргах эрхтэй.
396.6.Тээвэрлэгч дараахь тохиолдолд сөрөг шаардлага гаргах эрхтэй:
396.6.1.ачаа алдсан, дутаасан буюу гэмтээсэн тээвэрлэгч хэд хэдэн тээвэрлэгчийн хамтран хариуцвал зохих гэм хорыг дангаар нөхөн төлсөн;
396.6.2.хэд хэдэн тээвэрлэгч ачааг алдсан, дутаасан, гэмтээсэн бол тус тусдаа өөрийн хүлээх хариуцлагад хувь тэнцүүлэн гэм хорыг нөхөн төлөх бөгөөд үүнийг тогтоох бололцоогүй тохиолдолд тээвэрлэгч тус бүр авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцлага хүлээсэн;
396.6.3.тээвэрлэгчдийн хэн нь гэм хорыг нөхөн төлөхийг тогтоох бололцоогүйгээс энэ зүйлд заасны дагуу хувь тэнцүүлэн хариуцлага хүлээсэн.
396.7.Хэрэв тээвэрлэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол түүний төлөх ёстой байсан төлбөрийг бусад тээвэрлэгчид авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцна.
396.8.Сөрөг шаардлага гаргаж байгаа тээвэрлэгч нь үндэслэлгүйгээр төлбөр гүйцэтгэсэн, эсхүл төлбөр нөхөн төлөх тухай шийдвэрийг шүүх гаргахдаа үүрэг бүхий этгээдэд зохих журмын дагуу урьдчилан мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжтой байгаад оролцоогүй бол сөрөг шаардлага гаргах буюу сөрөг шаардлагыг хангахаас татгалзах эрхгүй.
396.9.Ачаа дамжуулан тээвэрлэгчид нь энэ хуулийн 396.6, 396.7-д зааснаас бусад асуудлаар харилцан тохиролцож болно.
397 дугаар зүйл. Тээвэрлэлттэй холбоотой зарим хэлцэл хүчин төгөлдөр бус байх
397.1.Энэ хуулийн 396.9-д зааснаас бусад энэ бүлгийн заалтад харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
397.2.Тээвэрлэгч ачааны даатгалаас үүсэх шаардлагаа, эсхүл нотлох үүргээ бусдад шилжүүлсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
398 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх нэмэгдүүлсэн хариуцлага
398.1.Тээвэрлэгчид итгэмжлэн өгсөн ачаа нь онцгой ач холбогдолтой бол түүнийг алдсан буюу дутаасан тохиолдолд үнийг 2 нугалж төлүүлэхээр ачаа илгээгч буюу хүлээн авагч тал нь тээвэрлэгчтэй урьдчилан тохиролцож болно.
————————
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР