
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ түвшин сайхан амьдралын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан шаргуу хөдөлмөр, бүтээлч үйлсээ зориулан ажиллаж байгаа тээвэрчид, инженер техникийн ажилтнууд, автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний, эрдэм шинжилгээний болон сургалтын байгууллагын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны Тэргүүлэгч гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Манай Улсад уламжлалт тээвэр болох тэмээн жин, морин өртөөг халж ачаа, зорчигч тээвэрлэх механикжсан тээврийн хэрэгслээс бүрдсэн автотээврийн салбарын анхны тээврийн байгууллагыг тэртээ 92 жилийн өмнө байгуулснаас хойш өдгөө улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хамгийн түгээмэл, хүртээмжтэй, иргэдийн өдөр тутмын хэрэглээ болтлоо өргөжин хөгжсөн салбар болсныг онцлон тэмдэглэж байна.
Автотээврийн салбарын хөгжлийн түүхийн энэ хугацаанд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө цаг наргүй, хоёргүй сэтгэлээр бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг нэр төртэй биелүүлж байгаа залгамж халаа болсон салбарын нийт ажилтан, албан хаагчид Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлье.
Салбарын үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд орчин үеийн дэвшилтэт техник, технологи, шинэлэг ололт, арга хэлбэрийг цаг алдалгүй ашиглах нь улс орны ирээдүйн хөгжил, иргэдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг бүрэн хангахад зайлшгүй хэрэгжүүлэх зорилтын нэг бөгөөд төрийн ил тод, тууштай хөгжлийн бодлоготой болох, хууль эрх зүйн орчинг улам төгөлдөржүүлэх, тээврийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг сайжруулах зэрэг хийж хэрэгжүүлэх тулгамдсан олон асуудал тээвэрчид Та бидний өмнө тавигдаж байгааг дурдах нь зүйтэй гэж байна.
Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоо нь автотээвэрчдийн эрх ашгийг хамгаалах, санал, санаачлалгыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор анх 1991 онд байгуулагдсанаас хойш эдүгээ салбарын бусад холбоод, байгууллага, аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн, бүх аймагт салбартай болж өргөжин тээвэрчид, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах, тээвэрчдийн нэр хүндийг алдаршуулж шагнаж урамшуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол эрхлэхээс гадна Олон Улсын Автотээврийн Холбоонд Монгол Улсыг төлөөлж гишүүнээр элсэн өөрийн тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах, бүс нутагт олон улсын тээврийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Манай улсын газар зүйн байршлын онцлог нь Ази, Европын эдийн засгийн гол бүс нутгийг холбосон хамгийн дөт тээврийн чиглэл дайрч өнгөрдөгт байгаа бөгөөд манай холбооноос олон улсын дамжин өнгөрөх тээвэрт ихээхэн ач холбогдол өгч энэхүү давуу тал, боломжийг тээвэрчид бид бүрэн ашиглах шаардлагатай байгааг онцолж байна.
Сүүн цацалтай алтан шар замаа адислан шүтдэг эрхэм тээвэрчид, нийт салбарын хамт олон Та бүхэндээ болон гэр бүлд тань аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай!
МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Г.БАТХҮҮ
2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр