Сургалтын журам
“Зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох” журам татах
САЛБАРЫН АЖИЛЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журам нь Зам, тээврийн ажилллагсдын мэргэжлийн боловсролын институт (цаашид “Институт” гэх)-ын зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Институт нь энэхүү журмаас гадна сургалтын үйл ажиллагаандаа Боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомж, боловсролын болон тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Олон улсын автотээврийн холбоо, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны бодлого, чиглэл, шийдвэрийг дагаж мөрдөнө.
1.3. Энэхүү журмыг холбооны болон салбарын дэргэдэх сургалтын төвүүд, сургалтад хамрагдах суралцагчид дагаж мөрдөнө.
Хоёр. Бэлтгэл ажил хангах
2.1. Сургалтын менежер нь дор дурьдсаны дагуу сургалт зохион байгуулах бэлтгэлийг хангана. Үүнд:
2.1.1. Тээврийн салбарын ажилчдын хэрэгцээ шаардлагыг хангасан сургалтын төлөвлөгөөг боловсруулна.
2.1.2. Тухайн жил зохион байгуулах сургалтын төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээллийг веб сайтад байршуулж салбарын ажилчдад мэдээллэнэ.
2.1.3. Төлөвлөгөөний дагуу сургалтын хөтөлбөрүүдийг сургалт эхлэхээс 21 хоногийн өмнө батлуулсан байна. Сургалтын хөтөлбөр нь тухайн сургалтын төрөл, мэргэжлээс хамаарч индексжүүлсэн нэртэй байх бөгөөд хөтөлбөрт суралцагчдаас шалгалт авах эсэх болон гэрчилгээний хүчинтэй байх хугацаа зэргийг тусгана.
2.1.4. Батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл заах багш нартай гэрээ байгуулж ажиллах бөгөөд багш нар хөтөлбөрийн агуулгаар сургалтын болон шалгалтын материал боловсруулна. Сургалтын материалыг онлайн хэлбэрийн сургалтад зориулан бэлтгэнэ.
2.1.5. Хөтөлбөрийн дагуу боловсруулсан сургалтын болон шалгалтын материалыг шалгаж нягтлана.
2.1.6. Сургалтын төлбөрийн хэмжээг холбооны зохих албан тушаалтантай хамтран нарийвчилан тооцоолсны үндсэн дээр бодитой тогтоож, гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулна.
2.1.7. Суралцагчдад зориулсан гарын авлага, тараах материалыг багш нартай хамтран бэлтгэнэ.
2.1.8. Сургалтын орчинг бүрдүүлж, анги танхимийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангана.
2.1.9. Бусад байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах үед сургалтын хөтөлбөр, төлбөр, гэрчилгээний загварыг урьдчилан тохиролцсон байна.
2.1.10. Төлөвлөгөөт бус сургалт зохион байгуулах тохиолдолд мэдээллийг нэг сарын өмнө веб хуудсанд байршуулж нийтэд мэдээллэнэ.
2.1.11. Гадаадад болох сургалтын тухай мэдээллийг нийтэд мэдээллэх ба Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны гишүүнчлэлийн журманд заасны дагуу уг сургалтад хамруулна.
2.2. Онлайн сургалтын бэлтгэл ажил:
2.2.1. Суралцах бүртгүүлэгчдийн тухай холбогдох салбаруудад мэдээллэж суралцах нөхцөл бололцоог хангана.
2.2.2. Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, гэмтэл саатлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж мөрдүүлж ажиллана.
2.2.3. Зорилтот бүлэгт зориулсан сургалтын явцад үүсэж болох техникийн саатлыг урьдчилан хянаж, интернет сүлжээний найдварт ажиллагааг хангасан байна.
2.2.4. Зорилтот бүлэгт зориулсан сургалтад хэрэглэх тоног төхөөрөмжийг тухайн сургалт зохион байгуулах газартай ойр байрлах салбар сургалтын төвөөс зөөвөрлөж хэрэглэнэ. Уг сургалтыг зохион байгуулахтай холбоотой ажлыг сарын төлөвлөгөөнд тусгасан байна.
Гурав. Бүртгэл
3.1. Институт нь сургалтын төлөвлөгөөний дагуу бүртгэлийг онлайн хэлбэрээр хийнэ.
3.2. Бүртгүүлэгч нь тухайн сургалтанд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан байна. Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тодорхойлолт бүрдүүлнэ.
3.3. Сургалтын менежер бүртгүүлэгчдийн бүрдүүлсэн материалыг судалж үзээд шаардлага хангасан бүртгүүлэгчийг бүртгэн авч түүнд болон байгууллагад сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан бичгээр өгнө. Шаардлага хангаагүй бүртгүүлэгчдэд хариуг зохих тайлбарын хамт электрон шуудангаар өгнө.
3.4. Хэрэв бүртгүүлэгч нь гадаадад сургууль төгссөн, ажиллаж байсан бол гэрчилгээ, нотлох баримтийг албан ёсны орчуулгын байгууллагаар орчуулуулж баталгаажуулсан байна.
3.5. Бүртгэлийн үйл ажиллагааг сургалт эхлэхийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл хийх бөгөөд үүнээс хойш сургалтын бэлтгэл ажлыг эцэслэн хангана.
Дөрөв. Сургалт зохион байгуулах
4.1. Сургалт зохион байгуулахад эдийн засгийн хувьд алдагдалгүй байх нөхцөлийг хангаж ажиллана.
4.2. Сургалтад хамрагдах бүртгүүлэгчийн тоо хангалтгүй байвал товлосон хугацаанд сургалтыг эхлүүлэлгүй бүртгүүлэгчийн тоо гүйцэх хүртэл хойшлуулж болох бөгөөд энэ тухай бүртгүүлэгчдэд сургалт эхлэх товлосон хугацаанаас 1 хоногийн өмнө мэдээллэнэ.
4.3. Суралцагч сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байна.
4.4. Суралцагч сургалтын төлбөрийг зөвхөн институтын дансанд тушаана.
4.5. Сургалт эхлүүлэх тухай Гүйцэтгэх захирлын тушаалыг сургалт эхлэхээс нэг хоногийн өмнө гаргах бөгөөд тушаалаар суралцагчийн мэдээлэл болон хичээлийн хуваарийг баталгаажуулсан байна.
4.6. Сургалт эхлүүлэх тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсанаас хойш ямар нэгэн шалтгаанаар сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
4.7. Сургалтын менежер сургалт эхлэхээс 30 минутын өмнө сургалттай холбоотой мэдээллийг тайлбарлаж, танилцуулна.
4.8. Батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтыг чанартай зохион байгуулахад сургалтын менежер анхаарч ажиллана. Үүнд:
4.8.1. Хичээл заах багшийн үйл ажиллагаанд хяналт тавина.
4.8.2. Суралцагч нарын сургалтад хамрагдаж байгаа байдалд хяналт тавина.
4.9. Онлайнаар сургалт зохион байгуулахад:
4.9.1. Камерийг суралцагчид бүрэн харагдаж байхаар байрлуулна.
4.9.2. Сургалтын үйл явцыг хуулбарлаж авах ба гэрчилгээ олгох хүртэл уг бичлэгийг хадгална.
4.9.3. Цахилгааны болон интернетийн саатлаас шалтгаалан сургалтын үйл ажиллагаа тасалдсан тохиолдолд сургалтын үйл явцыг хуулбарлаж авсан бичлэгийг хичээл тасалдсан тухайн ангид нөхөж үзүүлэх замаар хичээлийн хөтөлбөрийг хангана.
4.9.4. Сурагцагч сургалтын явцад ажлын шаардлагаар сургалтаа тасалдуулалгүйгээр өөр сургалтын төвд шилжин суралцаж болох боловч шилжин суралцах сургалтын төвийн анги дүүргэлт гүйцсэн бол институт энэ боломжоор хангах үүрэг хүлээхгүй.
4.10. Суралцагч сургалтын хөтөлбөрийн 80 хүртэл хувьд биечлэн хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх болон гэрчилгээ авах эрхгүй болно.
4.11. Суралцагч сургалтын хөтөлбөрийг бие дааж суралцаж болох боловч биечлэн сургалтад хамрагдсанд тооцохгүй.
4.12. Суралцагч сургалтын хөтөлбөрт байгаа тухайн сэдвийг судалснаа баталгаажуулсан тохиолдолд хичээлд суусанд тооцно. Тухайн сэдвээр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан, стандартад санал тусгуулсан, судалгаа хийсэн, эрдэм шинжилгээний илтгэл бичсэн гэх мэт нотлох баримттай байх.
4.13. Суралцагч бүр сургалтын хөтөлбөр болон үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой саналаа санал асуулгын маягтын дагуу өгнө.
Тав. Шалгалт авах
5.1. Сургалт нь институт болон салбарт эсвэл салбаруудад нэгэн зэрэг зохион байгуулагдах тохиолдолд шалгалтыг зэрэг авна.
5.2. Шалгалтын материалыг гурваас багагүй хувилбараар бэлтгэнэ. Хувилбар бүр 2 хэсэгтэй байна.
5.3. Шалгалтын материал нь тестийн даалгавар 60 хувь, бичвэрийн даалгавар 40 хувь байхаар боловсруулагдсан байна.
5.4. Шалгалт авахаас нэг хоногийн өмнө Гүйцэтгэх захирлын тушаалаар шалгалтын комиссийг томилоно. Бүрэлдэхүүн нь 3 хүнтэй байна.
5.5. Сургалтын менежер комиссийн нарийн бичгийн дарга байна.
5.6. Шалгалтын комисс нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
5.6.1. Шалгалт авах цагийг товлоно.
5.6.2. Шалгалтын материалын хувилбарыг шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө сонгоно.
5.6.3. Шалгалтын дэгийг тохирно.
5.6.4. Суралцагчийг шалгалтад орох эсэхийг шийдвэрлэнэ.
5.6.5. Шалгалт авч, дүнг нэгтгэн, нийтэд мэдээллэнэ.
5.6.6. Дахин шалгалт авах эсэхийг хэлэлцэж, цагийг товлоно.
5.7. Онлайнаар суралцагчдаас шалгалт авах:
5.7.1. Шалгалтын комиссын тохиролцсон дэгийн дагуу шалгалт авах үйл ажиллагааг зохион байгуулна.
5.7.2. Шалгалтын асуултыг онлайнаар дэлгэцэнд харуулна.
5.7.3. Шалгалт өгөх хуудсыг А4 хэвлэлийн хуудасны нэг нүүрэнд багтахаар бэлтгэнэ.
5.7.4. Шалгалт авч байх явцад ямар нэгэн техникийн саатал гарч холбоо тасарвал шалгалтыг хүчингүйд тооцож дахин шалгалт авна.
5.7.5. Шалгалтын комисс эхний ээлжинд салбаруудын шалгалтын материалыг шалгаж, дүгнэнэ.
5.7.6. Шалгалт өгсөн материалыг салбарын ажилтан камерт харуулах үед шалгалтын комисс түүнийг зураг болгон баталгаажуулан шалгаж, дүгнэнэ.
5.7.7. Шалгалт өгсөн материалыг баталгаажуулж байх үед ямар нэгэн техникийн саатал гарсан тохиолдолд салбарын ажилтан уг материалын зургийг гар утсаар авч баталгаажуулан Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны фэйсбүүк мессенжер хаягаар даруй илгээнэ.
5.7.8. Салбарууд шалгалт өгсөн материалыг зохих маягтын дагуу бүртгэж Институтэд хүргүүлнэ.
5.7.9. Сургалтад хамрагдсан суралцагч бичгийн ажил хамгаалж дүгнүүлэх шаардлагтай бол урьдчилан материалаа ирүүлж шалгалтын комисст шалгуулаад шаардлага хангасан тохиолдолд онлайнаар илтгэл тавьж хамгаална.
5.8. Урьдчилан бэлтгэсэн шифрээс шалгуулагч сонгож гарын үсгээ зурж баталгаажуулна. Шалгалт өгөх хуудсанд уг шифр бичигдэнэ.
5.9. Шалгалтын үргэлжлэх хугацааг 1 тестийн асуултыг хариулахад 1 минут, нэг бичвэрт хариулахад 5 минут байхаар тооцно.
5.10. Суралцагч шалгалтад 80–аас доошгүй оноо авсан тохиолдолд гэрчилгээ олгоно.
5.11. Дахин шалгалтыг өмнөх шалгалтын материалаар авч болохгүй.
5.12. Дахин шалгалтыг нэг удаа авах ба шалгуулагч зохих төлбөрийг төлнө.
Зургаа. Гэрчилгээ олгох
6.1. Шалгалтад авбал зохих үнэлгээг авч тэнцсэн төгсөгчдөд гэрчилгээ олгох тухай Гүйцэтгэх захирлын тушаал гаргана.
6.2. Баталсан загварын дагуу сургалтын менежер гэрчилгээг хэвлүүлнэ.
6.3. Гэрчилгээ нь хөтөлбөрт заасны дагуу хүчинтэй хугацаатай байна.
6.4. Сургалтын менежер гэрчилгээ олгох тухай тушаал гарсанаас хойш ажлын 3 хоногийн дотор хэвлүүлж баталгаажуулна.
6.5. Сургалтын менежер онлайн суралцагчийн гэрчилгээг салбар сургалтын төвд шуудангаар хүргүүлж, олгуулна.
6.6. Сургалтын менежер төгсөгчдийн талаарх мэдээллийг албан ёсны веб хуудсанд байршуулж нийтэд мэдээллэнэ.
6.7. Гэрчилгээний төлбөрийг үнэлгээний төвөөс тогтоосон чадамжийн гэрчилгээний үнэ тарифын дагуу суралцагч төлнө.
6.8. Сургалтын менежер нь сургалт болон шалгалттай холбоотой тайлан, баримт бичгийг нэгтгэн Архивын тухай хууль тогтоомжийн дагуу архивын нэгж бүрдүүлэн хадгална.
Долоо. Гэрчилгээг дахин олгох, сунгах, хүчингүй болгох.
7.1. Гэрчилгээг хаяж үрэгдүүлбэл дахин олгож болох бөгөөд дахин олгосон тухай тэмдэглэгээ, огноог гэрчилгээний хүчинтэй хугацааны доор бичнэ.
7.2. Суралцагч нь гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас нэг сарын өмнө институтэд хандаж давтан сургалтад хамрагдах хүсэлт гаргана.
7.3. Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд гэрчилгээ албан ёсоор хүчингүй болно.
Найм. Бусад
8.1. Сургалтын нэгдсэн төлөвлөгөө, шалгалтын оноо, гэрчилгээний дугаар, гэрчилгээний хүчинтэй хугацаа сунгах үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг нийтэд ил тод нээлттэй байлгаж, цахим хуудсанд байршуулсан байна.
8.2. Гэрчилгээний дугаарлалтыг дараах хэлбэрээр дугаарлана. АА18/001
АА – тухайн сургалтын индекс.
18 – гэрчилгээ олгосон оны сүүлийн 2 цифр.
001 – олгосон гэрчилгээний дэс дугаар. Оны эхнээс шинээр дугаарлана.
8.3. Институт нь сургалт болон төгсөгчдийн талаарх мэдээллийн сантай байх бөгөөд түүнийг байнга баяжуулж байна.
8.4. Сургалттай холбогдон гарсан санал, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
—-оОо—-