“COVID-19” вирус тархсан үед ТИР горимын тээвэрлэлт чухал үүрэг гүйцэтгэж байна.
ЭКСПОРТЛОГЧ, ИМПОРТЛОГЧДЫН АНХААРАЛД
Шинэ коронавирус (COVID-19)-ын халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбоотойгоор улс орнууд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хориглох, хязгаарлах арга хэмжээ авч байгаа ч эдийн засгаа дэмжих, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс олон улсын ачаа тээвэрлэлтийг хяналтын доор нэвтрүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын шийдвэр /http://government.ru/docs/39179//-ээр 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч олон улсын ачаа тээвэрлэлтийг хэвийн гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн Олон улсын автотээврийн холбоо (IRU)-ноос олон улсын ачаа тээвэрлэлтийг нээлттэй байлгаж шинэ коронавирус (COVID-19)-аас үүдэн гарах хүндрэлийг даван туулахад чухал ач холбогдолтойг дурдаад, дэлхийн улсуудын засгийн газар, банк санхүүгийн байгууллагуудад хандан тээвэрчдийг хамгаалах, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг нь хөнгөвчлөх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалаад байна.
Дэлхий даяар тахлын хэмжээний онцгой нөхцөл байдал үүссэн болон тээвэрлэлтийг өндөр хяналтын доор хил, гаалиар нэвтрүүлж байгаа энэ үед олон улсын ачаа тээвэрлэлтэд ТИР горимын тээвэрлэлт чухал үүрэг гүйцэтгэж байна.
Онцгой нөхцөл байдал бий болсон өнөө үед улсын нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг найдвартай, шуурхай тээвэрлэхэд манай улсын ТИР тээвэр гүйцэтгэх эрх бүхий 17 байгууллага, 150 гаруй тээврийн хэрэгслээр олон улсын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжтой.
Иймд экспортлогч, импортлогчид ТИР горимын тээвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус холбооны веб сайт www.nartam.org болон 70118638 утаснаас авч тээврийн асуудлаа шийдвэрлэхийг хүсье.
МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН
НЭГДСЭН ХОЛБОО