Дотоод үйл ажиллагаа:

 

·         Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо 1991 онд байгуулагдсанаас хойш өнөөдөр эгнээндээ салбарын бусад холбоод болон 110 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэж, үйл ажиллагаагаа олон улсын жишиг, чиг хандлагын дагуу өргөжүүлэн хөгжүүлж байна.

  • Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүн байгууллага, нийт тээвэрчдийн эрх ашгийг үндэс болгон тээврийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар салбарын яамтай хамтран ажиллаж тээврийг хөгжүүлэх стратегийн баримт бичиг болон автотээврийн тухай хуулийг боловсруулах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, автотээврийн мэргэжилтнүүдийн давтан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, улс хоорондын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээр байгуулахад саналаа тусгуулан, хэрэгжилтийг нь дэмжин ажиллаж байна.

 

  • Тус холбоо нь 1998 оноос автотээврийн салбарын төрийн захиргааны төв байгууллага, Нийслэлийн захирагчийн албатай хамтран ажиллах гэрээ байгуулан тээврийн салбарын ажиллагсдын зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалтыг зохион байгуулж, салбарын инженер, техникийн ажиллагсадыг сургаж байна.

 

  • Олон улсын болон дотоодын ижил төрлийн мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран ажиллах, гишүүн байгууллагуудыг төлөөлөх, хурал, зөвлөгөөн, семинарт тэднийг оролцуулах ажлыг зохион байгуулж ирсэн.

 

  • Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас эрх олгосны дагуу 2012 оноос эхлэн  ОХУ, Латви, Киргиз, Белорус, Казахстан, Турк зэрэг улсын зорчигч болон ачааны байнгын бус тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг төв холбоо, Баян-Өлгий аймгийн Цагаан-нуур боомт, Хөвсгөл аймгийн Ханх боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Увс аймгийн Хандгайт болон Тэс боомтууд, Дорнод аймгийн Ульхан болон Эрээнцав боомтууд, Завхан аймгийн Арцсуурь боомтуудаар олгож тээвэрлэлтийг зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

 

  • Тус холбоо нь ТИР горимоор тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгох үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд тодорхой шаардлага хангасан гишүүн байгууллага, аж ахуйн нэгжид ТИР горимоор тээвэрлэлт хийх эрх олгоход өөрийн хувь нэмрээ оруулан, энэ чиглэлээр Гаалийн Ерөнхий Газар болон АТҮТ-тэй хамтран ажиллаж байна.  

 

  • “Алтан Жолоо” тээвэрчдийн шинэ жилийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, автотээврийн салбарт үр бүтээл, идэвх санаачлагатай ажиллаж, амжилт гаргасан ажилтан, албан хаагч, тээвэрчдийг алдаршуулан, холбооны дээд шагнал “Манлай тээвэрчин” одон болон “Манлай тээвэрчин” цол тэмдгээр шагнаж урамшуулдаг.

 

Гадаад үйл ажиллагаа:

  • Олон Улсын Авто Тээврийн Холбоо /IRU/-ны дэмжлэгтэйгээр улс хооронд ачаа, барааг гаалийн хялбаршуулсан горимоор тээвэрлэх бэлтгэлийг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, арга хэмжээ авч, “Барааг олон улсын хэмжээнд ТИР дэвтэр ашиглан тээвэрлэх тухай олон улсын ТИР конвенцид нэгдэх асуудлыг УИХ-аар батлуулан, 2002 онд ТИР горимын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хяналт тавих, зохицуулалт хийх эрхийг Засгийн газраас Холбоонд олгосноор уг тээвэрлэлтийг зохион байгуулж байна.

 

  • Олон Улсын Авто Тээврийн Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2000 оноос “Трасека’” төслийн хүрээнд тээврийн удирдах болон инженер, техникийн ажилтан, мэргэжлийн ажилчдыг мэргэшүүлэх сургалтын төвийг байгуулан сургалт явуулж эхэлсэн.

 

  • Өнгөрсөн хугацаанд Олон улсын автотээврийн холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцон тус холбооны дээд чуулган, бүгд хурал, сэдэвчилсэн хурал, семинарт төлөөлөгчөө оролцуулан ОХУ, Казахстан, Беларусь, Румыны автотээврийн холбоодтой түншийн холбоо тогтоон ажиллаж байна.

 

  • МАТНХолбоо болон Азийн Хөгжлийн Банк хооронд тээврийн коридорын бодит гүйцэтгэлийг хэмжих хяналт тавих CAREC /Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр/-ийн төслийн санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулан, 2009 оноос 4b, 4c тээврийн коридорын бодит гүйцэтгэлийг хэмжих хяналт тавих, тээвэрлэлтийн саатал, нэмэлт зардалд үнэлгээ өгөх судалгааг улирлаар гарган өгч байна.

 

  • 2012 оноос олон улсын авто инженерүүдийн холбоо /ITE/-нд гишүүнээр элсэн орж, тус холбооноос зохион байгуулагддаг хурал зөвөлгөөнд гишүүн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан хамтран ажиллаж байна.